Доктор П.Нэргүй: Оросууд өнгөрсөн 70 жилд Монголын тусгаар тогтнолыг хамгаалсан гэж ярьдаг
Гэтэл 1944 онд Зөвлөлтийн элчин зөвлөх И.А.Иванов МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжавтай уулзаж, БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах шаардлагатай байна гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
-Өнөөдөр Хятадыг “коммунистууд” гэж нэрлэхээсээ илүү “күнз сурталтнууд” гэж нэрлэх нь бий. Күнзийн номлол Хятадын улс төрийн соёл, мөн бодлогын гол тулгуур зангилаа болж өгдөг. Япон Хятадаас гаралтай ч өөрийн гэсэн том соёлтой, барууныхан, лалынхан, оросууд ч гэсэн мөн ялгаагүй. Ингэхэд бидний соёлын онцлог юу вэ?
П.Нэргүй: -Бидний өвөг дээдсүүд одоогоос 800 жилийн тэртээ, түүнээс ч өмнө тусгаар тогтнол гэдгийг онолын төвшинд, бодлогын төвшинд нэн даацтай ярьж чаддаг байв. Юуны өмнө тусгаар тогтнолыг гурван төвшинд зааглаж тодорхойлдог байжээ. Гэрийн төвшинд, андын төвшинд, улс гэрийн төвшинд тусгаар тогтнолыг тун онож тайлбарладгийг бид “Хөх толбо” сонины дугааруудад дурьдсан билээ. Үүнийг дахиад тодруулбал, гэрийн онол, мон онол, уялгын онол, хажир онол зэрэг нь тусгаар тогтнолыг гурван төвшинд зааглаж амилуулах боломжийг олгов. Гэрийн төвшинд удам, ахуй, айлын засаг, хэрэгцээ, зоригдол гэсэн таван тусгаар тогтнолыг товойлгодог бөгөөд эдгээрийг “мон”-ыг голлосон таван тусгаар тогтнол гэж нэрийддэг. Андын төвшинд үндэсний таван тусгаар тогтнол сүндэрлэдгийг тодорхойлдог ба үүнд цус, үйл, андын засаг, орон зай, тархи зэргийг хэлж байгаа юм. Андын төвшин дотроо гал, шангас, отго, аймаг гэж зааглагддаг. Гал гэдэгт арван өрх, шангаст зуун өрх, отгод мянган өрх, аймагт түмэн өрх хамрагдана. Улс гэрийн төвшинд таван тусгаар тогтнол эрдэнэ амилдаг бөгөөд тухайлбал хаан эрдэнэ, айл эрдэнэ, их засаг эрдэнэ, ний-хэм эрдэнэ, тархи эрдэнэ зэрэг болно. Ийм гурван төвшинд тусгаар тогтнолыг ярьдаг байсан бол Их Монгол улс 1206 онд байгуулагдсанаас эхлэн Их Монгол улсын амь гэсэн чухал ойлголт улс төрийн том төвшинд өргөмжлөгдөж, долоон биеээр оршдог тусгаар тогтнол гэсэн ухагдахууныг их Тэмүчин Чингис хаан үндэслэж тавьсныг бид “Хөх толбо” сонины түрүүчийн дугаарт дурьдсан юм. Их Монгол улсын амь гэсэн ойлголтоо гадна Их Тэмүчин Чингис хаан Монгол угсаатын амь эрдэнэ хэмээх ухагдахууныг улс төрийн хэллэгт оруулсан ажээ. Хэрэв тусгаар тогтнол Их Монгол улсын амь мөн бол эх нутаг ус гэсэн ойлголт Монгол угсаатны амь эрдэнэ мөн болой гэсэн томъёоллыг Их Тэмүчин Чингис хаан өгчээ.
Эх нутаг ус гэдэг ойлголтонд байгалийн ил баялгууд, хөрсөн доорхи баялгууд бүгд хамрагддаг. Өнөө үед монголчууд бид зөвхөн 1.5 сая км2 нутаг дээрх амь эрдэнийг яриад зогсох биш, бүүр Монгол угсаатын амь эрдэнийг 25 сая км2 нутгийг хамруулж ярих ёстой. Түүхийн их нугачааны явцад монголчууд бид 15 сая км2 нутгийг оросуудад хулгайлуулснаас болж, хойд хөршийг дэлхийн хүчтэй гүрэн болгон хувиргаж, монголчууд бид өөрсдөө дэлхийн хамгийн буурай орон болтлоо жижгирсэн юм. Үүний нэгэн адил 5 сая км2 нутгаа хятадуудад дээрэмдүүлснээс шалтгаалж, Хятад улс хүчирхэгжиж бид айхавтар доройтсон юм. Их Тэмүчин Чингис хаан Их Монгол улсын амь, Монгол угсаатын амь эрдэнэ гэдгийг улс төрийн том бодлогын төвшинд ярьж чаддаг байсан нь манай улс төрийн сэтгэхүй дээд төвшинд хүрч чадсныг нотолж байна. 13-р зуунд бидний өвөг дээдсүүд хамтын хариуцлага, дээд үнэн хоёрыг холбож есөн ухаан, найман оюунаар, дээд сэтгэхүй, дээд зөнгөөр баталгаажуулж их засаг нүүдлийн соёлтой хамтын хариуцлага, дээд үнэнийг шүтэлцүүлдэг тийм лут арга зүйг олж чадсан ажээ. Сүүлийн 435 жилд, өөрөөр хэлбэл 1575 оноос хойш саяын бидний дурьддаг улс төрийн гайхамшигт ухагдахуунууд бидний ой ухаанаас салан мартагдаж, бидний оюун санаа, зүрх сэтгэл, ухааныг шал өөр ухагдахуунууд эзэмддэг болчихлоо. Өнөө үед бид Их засагийн оронд анархи засаг, хамтын хариуцлагын оронд танхайрал улам түгж, дээд үнэнийг “Лут худал”-аар орлуулчихаад байна. Дээд сэтгэхүй алга болж, хараат сэтгэхүй ноёрхож, дээд зөн арилж, их туйлшрал дэлгэрэв. Улс болохуйн бүтээвэрт найман оюун амилахаа больж, очирваань шүтээн түүний оронд сүндэрлэдэг боллоо. Улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухаан алга болж, харин жанрайсаг бурхан хүн бүрийн эрхэм сүсэглэл болж хувирсан. Нүүдлийн соёл шарын шашинсаг соёлоор солигдсоныг бас дурьдая. Найман зуун жилийн дотор Их Монгол улс, Монгол угсаатан, Монгол түмэн алга болж, жижиг Монгол, жижиг үндэстэн зовлонд нэрвэгдсэн ард түмэн энэ дэлхийд үлдэж, шовинизм колониализмд нүдүүлсээр 21-р зуунтай золгоод байна. Бид Их Монгол улсаас өнөөгийн жижиг буурай Монгол улс болж хувирсан ийм эмгэнэлт түүхийг дурсахдаа хамгийн гол нь монголчуудыг том гүрнүүд, ялангуяа колоничлогч гүрнүүд асар их нутгийг нь эрдэнэстэй нь хамт дээрэмдэн хулгайлсан гэдгийг санаж, монголчууд бид ийм хөгийнжлийн замналаас гарч, бие даасан хөгжлийн зам руу алхах тэр ирээдүйг ч зориулан харах ёстой. Монголчуудын бидний үрс хойчсын жинхэнэ эзэн нь гадаадын харгис колониализм биш, харин бидний өөрсдийн агуу ууч сэтгэл, эв, энх, эрдэм, эрэлхэг чанар, эрхэм ёс, мөн хүнлэгчанар, энэ бүгд байх ёстой. Нэг үгээр хэлбэл Их Тэмүчин Чингис хааны онол, үзэл, бодлогоор бид 21-р зуунд улайран амьдрах ёстой боллоо. Тийм ч учраас бид тусгаар тогтнол гэдэг ойлголтыг зориуд ийнхүү тод томруун ярьж байгаа юм. Монголчууд бид арван лут онолтой байснаа байнга санаж явах ёстой. Тухайлбал чин онол, чу онол, хажир онол, эзэн биеийн онол, сүнсний онол, уялгын онол, гэрийн онол, мон онол, тэнгэрийн онол, үл осолдохуйн онол зэргииг бид эзэмших шаардлагатай боллоо. Эдгээр онол хамгийн түрүүнд бидний амьдардаг, олон зуун жилээр амьдарч ирсэн гэр гэдэг гайхамшигт сууцанд байдгийг хэлье. Гэрийн хойд хэсэгт эзэн биеийн онол, гэрийн өмнө талд сүнсний онол, гэрийн баруун талд уялгын онол, гэрийн зүүн талд гэрийн онол байдгийг хэлэхэд илүүдэхгүй байх. Гэрийн онол мон онолтой уялдаж улмаар тэнгэрийн онол, үл осолдохуйн онолтой холбогддог бол уялгын онол хажир онолтой шүтэлцэж, улмаар чин онол, чү онол хоёртой уялдаж явдаг. Их Тэмүчин Чингис хааны хүү их эрдэмтэн Толуй нь хажир онолыг боловсруулсан бол Их Тэмүчин Чингис хаан уялгын онолыг үндэслэж Тавив. Ийнхүү монголчууд бид дээд онолоор баталгаажсан дээд үнэнийг агуу амьдрахуйд хэрэгжүүлж, түвшин сайханы ний-хэмийг сүндэрлүүлж чадлаа. Ийм гайхалтай амжилтыг Их Тэмүчин Чингис хаан: Их Монгол улсыг сэргэн мандсаныг нүдээрээ үзэж бие сэтгэлээрээ мэдэрсэн гэдгийгээ Монгол түмэндээ баяртайгаар зарлаж байсан. Монголчууд бид харийнхныг дуурайх биш, өвөг дээдсийнхээ уламжлалыг үргэлжлүүлж эвийн манлай, энхийн манлай, эрдмийн манлай, эрэлхэгийн манлай, эрхэм ёсны манлайгаар жигүүрлэж, энэрэнгүй үзлийн гол тэнхлэг болсон хүнлэг чанарыг сүндэрлүүлэх учиртай. Бид 1990 оны гуравхан cap үргэлжилсэн ардчилсан хувьсгалаар хүнлэг ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилтыг дэвшүүлсэн юм. Тэр үед, өөрөөр хэлбэл бараг хорин жилийн өмнө манай зарим улс төрчид хүнлэг ардчилсан нийгэм юу байдаг юм бэ гэх маягийн зүйл ярьж байсныг бид мартаагүй. Тэд энэрэнгүй үзлийн гол тэнхлэг болж явдаг хүнлэг чанарыг бид Ардчилсан нийгэм рүү хандуулж хэрэглэж буйг огт ойлгоогүй өнгөрсөн юм. Хожим 1992 оны Үндсэн хуульд бидний хэрэглэсэн “хүнлэг” хэмээх нэр томъёог хасаж, ардчилсан нийгэм гэдгийн тодотгол болгож, “хүмүүнлэг иргэний” гэсэн нэр томъёог нэмж оруулав. Ингээд 1992 оны Үндсэн хуулинд “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм” хэмээх томъёолол гарч ирсэн билээ. Бид “хүнлэг ардчилан нийгэм” гэдэг томъёоллыг гаргахдаа Их Тэмүчин Чингис хааны дээдэлдэг энэрэнгүй үзлийн гол санааг тусгасан юм. Хүмүүнлэг иргэний гэсэн үгс нь ер нь барууныхны, капиталист ертөнцийнхний хэрэглэдэг нэр томъёо гэдгийг хүмүүс мэднэ. Бид өнөөдөр ч хүнлэг ардчилсан нийгэм гэсэн ухагдахуунаас татгалзаагүй яваа.
Бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд өвөг дээдсүүд маань иргэн, нийгэм гэсэн томъёоллуудыг ир-гүн, ний-хэм гэдгээс зааглаж ялгаж хэрэглэдэг байжээ. Иргэн гэдэг нь гэнэн, донгио гэсэн утгатай. Нийгэм нь сайн тогтолцоог биш, саар тогтолцоог илэрхийлдэг. Харин гэгээрлийг эрхэмлэдэг хүнийг иргүн гэж өргөмжилдөг. Мунхаглалыг баримталдаг хүнийг иргэн хэмээн тодорхойлдог байжээ. Үүний нэгэн адил нийхэм гэдэг нь сайн тогтолцоо, сайхан дэглэмийг хэлж байгаа юм. Үүнээс үзэхэд өвөг дээдсүүд маань нэр томъёонд айхтар няхуур хандаж чаддаг байв.
-Таны түрүүчийн ярилцлагад дурдагдаж байсан том гүрэн том гүрнээ ганцаардуулан хаях тухай асуудал сонирхол их татаж байна. Олон улсын харилцаа үүнээс ихээхэн шалтгаалдаг. АНУ-д БНН гарч ирлээ. АНУ-ын гадаад бодлого ямар өөрчлөлтийн дагуу явагдах бол?
П.Нэргүй: -Одоо бид АНУ-ын Ардчилсан Намын тухай ярья. “Хөх толбо” сонины түрүүчийн дугаарт ЗХУ Хятад улсыг АНУ-ын ятгалгаар хаяж орхисон тухай дурьдсан билээ. Бүх л бүтэн том гүрнийг нөгөө гүрэн хаяж орхих санааг АНУ-ын Ардчилсан Нам сэдэж тавьсан юм. Ингээд АНУ, ЗХУ хоёр дэлхийн том том асуудлуудыг далдуур тохиролцон шийддэг горим ийнхүү эхэллээ тавьсан. 1968 оны 8-р сард ЗХУ Чехословак улс руу цэргээ оруулахдаа Зөвлөлтийн их лийдэр Брежнев, АНУ-ын ерөнхийлөгч Джонсонтой тохиролцсон байжээ. Мөн Евразийн эвсэл байгуулах гэсэн Францын ерөнхийлөгч, генерал де Голийг улс төрийн тавцангаас зайлуулах ажиллагааг мөн л ЗХУ АНУ-тай хамтарч хийв. Өнөө үед АНУ-ын Ардчилсан Нам 1962 онд Хятад улсын хувьд хэрэглэсэн “ганцаардуулан хаях” аргыг дахин сэргээж эхэллээ.
-Хятад, ОХУ дахин том гүрэн болон өсч байна. АНУ хэнийг нь сонгож, хэнийг нь ганцаардуулах бол?
П.Нэргүй: -АНУ-ын шинэ ерөнхийлөгч Обама Хятад улсыг өөрийн холбоотон болгож, олон улсын тулгамдсан хэд хэдэн асуудлыг хамтарч шийдэх чиглэлийг баримталж байна. Хэрэв 1962 онд АНУ-ын Ардчилсан нам ЗХУ-ыг нууц холбоотноо болгож, Хятад улсыг ганцаардуулах тактикийг хэрэгжүүлсэн бол 2009 оноос АН Хятад улсыг өөрийн ил холбоотон болгож, ОХУ-ыг ганцаардуулах чиглэлийг дэвшүүлээд байгаа юм. 1962 онд АНУ-ьж БНН ерөнхийлөгч Ж.Кеннедийг “нууцлаг коммунист” гэж дайран давшилж байсан бол 2009 оноос АНУ-ын Бүгд найрамдах нам Обамаг “АНУ-д социализм байгуулах” гэж байна хэмээн шүүмжилж эхэлсэн. 1962 онд АНУ болон ЗХУ хоёрын нууц тохиролцооноос болж, Кеннеди алуулж, Хрущёв огцорсон. 2009 оноос АНУ болон БНХАУ хэдийгээр ил трхиролцоогоо хэлэлцэж байгаа ч гэсэн 1962 оных шиг Обама алуулахгүй, Ху Жинтао огцрохгүй л болов уу. Ямар ч л байсан 1962 оноос АНУ, ЗХУ/оёр дэлхийг хамтарч эзэгнэх үзэл хэрэгжсэн бол 2009 оноос ийм үзлийг хэрэгжүүлэгч нэг субьект нь өөрчлөгдөж, өнөө үед АНУ, БНХАУ хоёр дэлхийг хамтран зохицуулж залуурдах ёстой гэсэн тийм үзэл дахин хэрэгжиж эхлэх нь ээ.
-ОХУ, Хятад бол манай хоёр хөрш, мөн том гүрнүүд. Гэхдээ эд хоорондоо таатай харилцаатай байсан нь тун цөөхөн. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ? 1990 оноос өмнөх 300 жилд Монголын гадаад бодлого энэ хоёрын алинаас нь хамааралтай байна түүнээс шалтгаалдаг байсан бус уу?
П.Нэргүй: -Монгол улсаас болж 1960-аад онд БНХАУ, ЗХУ хоёр муудалцсан мэтээр асуудлыг гуйвуулж ярих хандлага, ялангуяа товарищ Горбачёв дээр нэн хүчтэй илэрч байсан. Гэтэл ЗХУ, Хятад улс хоёрын харьцааг муутгах үйлдлийг 1962 онд АНУ хийсэн гэдгийг огт ярихгүй байгаа юм. Зөвлөлтийн КН-ын заавраар Монгол улсыг Хятад улсын эсрэг үзэл суртлын дайн явуул гэвэл монголчууд явуулж л байсан. Нэг хэсэг монголчууд бид, ялангуяа манай сэхээтнүүд Хятадын эсрэг элдэв сурталчилгааг сайн хийж байсан. Дараа нь Монголын нутагт Зөвлөлтийн цэргийг байрлуулах асуудлыг монголчууд биш “ах нар” улс төрийн том бодлогын байр сууринаас хандаж шийдсэн шүү дээ. Монгол улс бол хойд хөршийнхөө бодлого зааврыг л дагаж хэрэгжүүлдэг тийм л зиндаанд явж байсан. Энэ бүгдийг бид ярихдаа нэлээн олон жилийн турш монголчууд бидний сэтгэлийг түгшээж байсан бас нэг асуудлыг хөндөх гэсэн юм. Саяхан бид бүгд Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг, тэмдэглэсэн. ЗХУ Монгол улсын тусгаар тогтнолыг Японы түрэмгийлэгчдээс хамгаалсан гэсэн дүгнэлт нэн хүчтэй сонсогдож байв. Гэтэл 1944 онд Зөвлөлтийн элчин зөвлөх И.А.Иванов МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжавтай уулзаж, БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах шаардлагатай байна гэж албан ёсоор мэдэгдсэн юм. 1944 онд ЗХУ Туваг өөрийн бүрэлдэхүүндээ нэгтгэсэн. Үүнийг хурц бэйс Магсаржавын хүү Дугаржав нэн их эсэргүүцээд шоронд хоригдсон. Гэтэл тусгаар тогтносон Монгол улсыг Халхын голын ялалтаас хойш таван жилийн дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулна гэдэг нь нэн хачирхалтай зүйл болж өгөв. Монгол улсын статусын талаар Хятад ч, Зөвлөлт ч ялгаа байхгүй өөртөө нэгтгэж явна гэсэн чиглэл байнга гарч ирж байсан юм. Эцэст нь Ялтын гэрээгээр Монгол улсыг өнөөгийн байгаа хил хязгаараар тусгаар улс болохыг шийдсэн шийдэлд арай ядаж хүрсэн. Гэхдээ Монгол улсыг НҮБ-ын гишүүн болгох асуудал 15 жилээр хойшлогдсон.
-Ингэхэд БНМАУ ЗХУ-ын бүрэлдэхүүнд яагаад элсээгүй юм бэ? Оросууд хүсээгүй юу, эсвэл бидэнд ашигтай түүхэн нөхцөл байдал үүссэн үү?
П.Нэргүй: -Бид үүнтэй холбогдуулж бас нэг түүхийг хөндье. БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах саналыг боловсруулах даалгаврыг С.Авирмэд, Б.Бадарч, Г.Галбадрах, Д.Төмөр-Очир, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд гэсэн зургаан хүнд оноожээ. Хожим энэ зургааг Монголыг Зөвлөлтөд дагаар оруулах санааг сэдэж захидал бичсэн хэмээн буруутгадаг болсон. Ялангуяа, энэ асуудлаар Л.Цэнд нэлээн зэмлүүлсэн. Гэтэл дээр нэр дурьдсан зургаан зүтгэлтэн Монголыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулах тухай саналтай холбогдуулж, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалтай холбогдуулж есөн асуудлаар зарчмын хариулт өгнө гэсэн чиглэлийг баримталж байв. Энэ есөн асуултын дотроос гоц анхаарал татах нэг асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл, СССР-ийн бүрэлдэхүүнд орохгүйгээр Монгол улс капиталист биш замналаар явсан шигээ социалист нийгмийг байгуулж чадах уу? Энэ бол хамгийн гол асуудал байв. Эдгээр есөн асуултанд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрын хэн нь ч хариу өгөөгүй юм. Энэ зургаан хүн Монголыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулах саналыг сэдээгүй. Энэ бол 1950 онд болж байгаа явдал. Тэгвэл 1953 оны 3-р сард Монгол улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тогтоолын төслийг Б.Жамбалдорж (Ерөнхий прокурор, Улс төрийн товчооны гишүүн), Дотоод явдлын яамны сайд Д.Цэдэв, Гадаад явдлын яамны сайд Н.Лхамсүрэн нар боловсруулжээ. Уг тогтоолыг Бумцэндээс бусад нь зөвшөөрсөн. 1953 оны 3-р сард Молотов Ю.Цэдэнбалыг хүлээн авч, “БНМАУ-ыг ЗХУ-Д нэгтгэх гэсэн та нарын шийдвэр бол бүдүүлэг алдаа, энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй” гэв. Ах нар маань өөрсдөө энэ асуудлыг шийдчихээд сүүлд нь алдааг нь бид нар руу тохдог ийм нэг арга барил нэг биш удаа илчлэгдэж байсан. Хожим 1970-аад оны дунд үед товарищ Брежнев Ю.Цэдэнбалд хандаж ЗХУ-ын бүрэлдэхүүнд Монгол улс нэгдэж орох уу, үгүй юу гэж асууж байсан.
Монгол улсын улс төрийн статусаар дураараа тоглох, гуйвуулах, доромжлох явдал том шовинист колоничлогч гүрнүүд дээр урьд өмнө гарч байсан, цаашдаа ч гарах л байx. Монголчууд бид өвөг дээдсийнхээ адил улс төрийн гүн ухааныг, ялангуяа 21-р зуунд гарамгай сайн эзэмшиж хэрэглэх шаардлага гарч байгааг хэлэх нь зөв байх.
No comments:
Post a Comment