Showing posts with label Авах гээхийн ухаан. Show all posts
Showing posts with label Авах гээхийн ухаан. Show all posts

Sunday, February 19, 2012

Баясаглан хэмээн усан луу жилийн мэндийг хүргэе

Ургах улаан наран хийморийн салхийг хөдөлгөж

Уул толгодын оройг хамаг түрүүнд элбэв

Хахир өвлийн жаврыг урин дулаанаар зөөллөж

Хаврын тэргүүн сар үүрийн туяатай уралдав

Хөх Монголын дөрвөн улирал хязгаар үгүй солигдох нь энэ

Хүчит эрсийн малгайн сорийг зөөлнөөр элбэн золгох нь энэ

Ирж яваа цаг нь сайн сайхныг дагуултугай

Өнгөрөн улирах бүхнээс шижир юуг нь түүтүгэй

Харвах мөсний онч мэт төр ухаан мэргэн байг

Хатуу бэх ган мэт хууль, журам нь шудрага байг

Хайрлах эхийн сэтгэл мэт иргүн олондоо ээлтэй байг

Хайрлан дээдлэх дөрвөн хүчтэн шигээ дэвэн дэлхийд нөлөөтэй байг

Азай буурлын сургааль улам баяжин дэвэртүгэй

Ахс эхсийн сайн үлгэр үл тасаран ихстүгэй

Хүний өөрийн гэж үл ялган үр хойчдоо сайныг заахдаа бүү назгайртугай

Хичээл зүтгэлийг нь хурцалж үргэлжид түшиж явтугай

Ахмад хүний сургаал үгийг үргэлжид сонсож явтугай

Ажил, эрдэмд суралцахадаа шантарч бүү мохтугай

Алд биений иртэй дээр сансан зорилгодоо зүтгэтүгэй

Ассан галын дөл мэт үргэлжид тэмүүлэлтэй байтугай

Нийхэм олноороо эвлэж мууг хөөн холдуул

Наран мэт гэрэлтэж хийморь лундаа нь бадрага

Тарамдсан хүч хуралдаж эргэж өндийн босог

Түүхийн хуудасанд энэ луу жил мандан жаргахын эх болог.

Tuesday, February 14, 2012

Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд


Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй

Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй

Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй

Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй

Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй

Соёл минь солигдохыг чи үзэхгүй

Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй

Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй

Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй

Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй

Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй

Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй

Ухаан минь самуурахыг чи үзэхгүй

Учирсан минь салахыг чи үзэхгүй

Эв минь эвдрэхийг чи үзэхгүй

Эзэн минь залрахыг чи үзэхгүй

Дуу минь саарахыг чи үзэхгүй

Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй

Балчиг шавар дундаас
Бадамляньхуа ургадаг юм
Баруун шугуй дунд нь

Цагаан хус хяралздаг юм

Хогтой агаар дунд нь

Сэржигнэнхэн дэлбээлдэг юм
Хогийн өвсөн дунд нь

Алтан харгана туяардаг юм.
Олон тэнэгүүд дундаас нь

Цэцэн мэргэд нь төрдөг юм
Овоохой бор гэрт нь

Хүчит суутнууд төрдөг юм

Орчлонгийн жам
Гутарч гунихийн хэрэггүй

Орог саарал мананг дэвтээж

Саран туяардаг юм

Харанхуй шөнийн тэнгэрт

Одод хүчтэй гэрэлтдэг

Хангайн уулын тагтанд

Вансэмбэрүү ургадаг

Өвс ногооноос зайдуу

Өнө мөнхийн зэвэргэн салхинд

Гундуухан байж ургадаг

Амьдралын хар бараанаас

Гэрэл гэгээг нь ялгасан

Азтай тэр хүн

Алсын замд гундахгүй
Ертөнцийн эгэл амьдралаас

Зөв замыг сонгосон

Ерөөлтэй тэр хүнд
Аяны олз алдахгүй

Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг

Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг

Даваа хэдий өргөн ч

Гаталж чадсан нь ялж байдаг

Бүргэд болжмороос айдаггүй шиг

Хорвоогоос би айхгүй

Арслан гөрөөснөөс айдаггүй шиг

Үхлээс би айхгүй

Аав нь хүүгээсээ айдаггүй шиг

Үнэнээс би айхгүй.

Saturday, January 14, 2012

Цаг заваа дэмий юманд бүү үр


МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай.

“Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна.

Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ.

“Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн”. Харамсалтай нь ихэнх хүмүүс “хамгийн том үрлэгийн” эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй.

Хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй, их мөнгөтэй, бага мөнгөтэй янз бүр. Харин тэнгэр бурхан хүн бүхэнд ижил тэгш хайрласан, мөнгөнөөс хавьгүй үнэт баялаг бол “цаг”. Цагийн үнэлэмж хүн бүрт өөр, өөр. Нэг хэсэг нь цагийг нүдний цэцгий мэт хайрладаг үнэт эрдэнэсийнхээ магнайд залж дээдэлнэ. Нөгөө хэсэг нь цаг завгүй гэж үглэнэ. Зарим нь цаг нөхцөөх гэж зовно. Цагийг шал дэмий зүйлээр оролдон өнгөрөөдөг хүн цөөнгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүлээсэн хүнд цаг хэчнээн удаан өнгөрнө гээч. Жаахан удаад өгөөсэй гэж хүссэн хүнд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. “Дундаж хүмүүс цагийг яаж үрэхийг бодож байдаг бол авьяаслаг хүмүүс түүнийг яаж зөв ашиглахыг бодож байдаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ухаант залуус та нарыг цагийг яаж зөв ашиглахыг бодож байдаг хүмүүс байгаасай гэж хүснэ. Зөвхөн бодоод суугаад байх биш цаг алдалгүй хэрэгжүүлдэг болоосой гэж бүр их хүсч байна.

“Хэрэв сайн л ашиглаж чадвал цаг ямагт хангалттай олддог” юм. Цагийг сайн ашиглах хосгүй эрдэмд шамдан суралцах хэрэгтэй. “Цагийг үрэлгэн өнгөрөөх нь бүхнээс муу хэрэг” гэдгийг зүрхэндээ мэдэрч, чөмгөндөө шингээж авсан хүн цагийг үр ашигтай өнгөрөөдөг болно.

“Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг” гэж эртний Римийн нэгэн ухаантан уулга алдан харамсчээ. Хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ амьдралаа зориулахын тулд цагийг зөв ашиглаж сурах шаардлагатай. Тэгж байж амьдралынхаа ихэнх хэсгийг балай тэнэг явдалд үрэхгүй. Цагийг үр ашиггүй нөхцөөж байгаа хүн шүүрэн шанагаар ус хутгаж суугаа хүнтэй л адил. Юу ч хийхгүй зүгээр суух юм уу хэвтэж л байвал аз жаргал гэж үзэх нь мунхаг хүний үйлдэл, асар их гажсан төөрөгдөл мөн. “Хүн зүгээр сууж, гунигтайгаар амиа тээхийн тулд биш, аугаа их үйл хэргийг гүйцэтгэхийн тулд төрдөг” гэдгийг залуу хүн бүр оюун ухаандаа тогтоож, насан туршдаа санаж яваарай.

Амьдралдаа хэрэгтэй дэг журам тогтоохыг хичээ. Дэг журамтай хүн бүтээлч байдаг юм. Ажилсаг бүтээлч хүмүүс хэрэгцээтэй дэг журмыг тогтоон хэвшүүлж, түүнийгээ ягштал мөрдөж байж амжилт олсон жишээ захаас аван бий. Харин үр ашиггүй, хэрэгцээгүй дэг дэглэм тогтоож өөрийгөө хааш нь ч чөлөөтэй хөдөлгөхгүйгээр баглаж хүлэх нь сайн зүйл биш. Тиймэрхүү хэв маягт баригдсан хүн өөрийгөө царцааж, яваандаа хөлдөөж ч мэднэ. Бусдын тулган хүлээлгэсэн дэг журамд хүлэгдвэл эрх чөлөөт нэгэн байхаа больж, тэрхүү дэг журмын боол болон хөөрхийлөлтэйгээр зовно. Цаг хэмнэхэд сургадаг тийм дэг журмыг тогтоон хэвшүүлж чадвал амьдралдаа асар их буян хишгийг хураан авлаа гэсэн үг. Сайн дэг журмын амин сүнс нь сайн төлөвлөлт. Нягт нямбай сайтар бодож, сайн төлөвлөвөл ажлынхаа хагасыг нь нугаллаа гэж бод.

Одоо хийчихэж болох зүйлийг дараа гэж хэзээ ч бүү хойш тавь. Хойш тавина гэдэг сэтгэлийн ов мэх болохоос өөр юу ч биш. Хойш тавьсан ажил дараа нь чамд амар хялбар байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Дараа нь амар хялбар болно гэж горьдохын ч хэрэггүй. Би боломжтой цагийг хүлээж байна гэж хээв нэг хэлж суугаа хүн өөрөө өөрийгөө хуурч, цаг нөхцөөж байгаа ядарсан аргатан. Тэр боломжтой цаг нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ ч үр ашиг багатай. Яагаад гэвэл алдсан цагийн хором тутмаар аливаа ажил үйлийн хэрэгцээ, ашиг тус хорогдоно.

Дэмий юм ярьж, цаг нөхцөөх хэрэг бүр ч байхгүй. Ялангуяа хов живнээс холхон байсан нь дээр. Өнөөдөр чамд бусдыг ховлож байгаа хүн маргааш чамайг бусдад ховлоно. Харин амьдралд хэрэгтэй тустай зүйл ярьж, зөвлөж байгаа ухаант хүний үгийг амтархан сонс. Чи түүний ярианы цэнгэг булгаас ангаа цангаагаа тайлж, ухаан далайгаас нь хувь хүртэнэ.

Өнгөрсөн үед тохиосон урьдын муу муухай дурсамжийг сөхөн ярихгүй байхыг хичээ. Уур уцаар, гомдол гуниг, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч авч ирэхгүй. Харин ч дуусч, дундаршгүй хэрүүлийн бузар тарьж, аниж байсан шархыг сэдрээж, даарин дээр нь давс үрэх болно. Уур хорсол уур хорслоо л үржүүлдэг. Энэ тойрогт эцэс мухар байхгүй. Тиймээс уур хорсол тээж явах хэрэгцээ шаардлага огт үгүй гэдгийг санаж яв. Хорссон хүмүүс, хүний биен дээгүүр дургүй хүргэн гүйж, зөвхөн шархтай газарт нь зогсдог ялаатай адил гэсэн тааламжтай бус зүйрлэлийг нэгэн нэрт зохиолч хэлсэн. Хорсолтой хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй юм. Ажилгүй зүгээр суух нь цаг заваа дэмий үрэхийн адгийн цаадах адаг билээ. “Ажилгүй зүгээр суух нь зөвхөн харанхуй бүдүүлэг байдлыг төрүүлээд зогсохгүй өвчин үүсгэх шалтгаан болдог” байна. Юу ч хийхгүй байхаас илүү хортой шаналгаа энэ ертөнцөд байхгүй юм гэсэн. Залуус та нар ийм хортой шаналгаагаар зовж шаналж суух учиргүй ээ. Зүгээр суусан хүний сэтгэл зэвэрч, оюун санаа нь хогийн хорт ургамалд идэгддэг. Зүгээр суугаад байвал тэнгэр бурхнаас заяасан гайхамшигт авьяас билэг ч асч байсан лаа шиг урсаж багассаар бөхөж, атаршина. Юу ч хийхгүй зүгээр сууж, дэмий холхин цагийг нөхцөөгсөд нэн удалгүй түүндээ дасал болж, гараа хөдөлгөж, тархиа ажиллуулахаас дургүй нь хүрч, залхуугийн намагт улам бүр гүн шигдэнэ. Улмаар өөрөө дүрсэн тэр хавхнаас хөлөө сугалахад бэрх болно.

Хийх ажилгүй амьдралд живж орхивол муу зуршилд идэгдэнэ. Хүний сайн чанаруудыг хөнөөгч муу зуршлууд олширчээ. Энэ муу зуршлуудад идэгдвэл хүн бүр муу муухай юм лавшруулан хийж эхэлнэ. Энэхүү муу зуршлыг архи хэмээх амьдралын дайсан тэргүүлж байна. Ер нь “архидалт бүх гажигийн эх” байдаг. Архидалт, гэмт хэрэг хоёр төрсөн ах дүүс. Төмөр сараалжин цонхтой архины мухлагаас өргөст торон хашаатай шоронгийн хаалга хүртэл өргөн дардан зам засаастай бэлэн байна. Олон золгүй явдлыг өдөөгч эх үүсвэрүүд архины тунгалаг шингэн өнгөнд ил харагдахгүй ч ад хорлолын хар бараан сүүдэр нь далд нуугдаастай отож байдаг юм. Эр нөхрийнх нь гудран уусан архи эхнэр, хүүхдийнх нь нулимс болон садран асгарна. Хар тамхины бөөн хар аюул хаалга тогшиж эхлэв. Хар тамхитай ямар нэг байдлаар холбогдсон хүн амь амьдралаа сонголтгүйгээр үрэн таран хийнэ. Тэдэнд ариун гэгээн юм гэж нэг ч үлддэггүй. Хуурна, залилана, хулгайлна, дээрэмдэнэ, мансуурна, донтоно. Бүх муу муухай үгний цуглуулга хар тамхичин дээр овоорч, эцэс сүүлдээ хайран биеэ хөнөөнө. Архинд хөлчүүрсэн хүнийг садар самууны зам хүзүүгээр нь оосорлосон дуулгавартай нохой адил хөтлөнө.

Тоглоом, наадгай хайран цагийг залгих шунаг сувдаг тулам юм. Тоглоомондоо улайрсан хүн цаг яаж өнгөрснийг ч тэр бүр мэддэггүй. Тоглож болно оо. Тэгэхдээ цаг хязгаартай байх ёстой. Энгийн цагаан тоглоомноос мөрийтэй хар тоглоом руу гулсвал тоглоом шоглоом болон хувирна. Мөрийтэй тоглоом зөв замаар өгсөж явсан хэчнээн олон сайхан хүнийг буруу зам руу түлхэж уруудуулсан билээ дээ. Мөрийтэй тоглоомноос болж амьдрал уруудан доройтсон гүнийг ч, учруулсан хохирлын өгсөж талийсан өндрийг ч хэмжих аргагүй. Сэтгэл санаанд учруулах хохирол нь уул, далай мэт. Архинд шунан донтож архаг архичин болдог бол тоглоомонд шунан донтож хорхойссон тоглоомчин болж мансуурна. Тэр ч бүү хэл өсвөр насны хүүхэд хүртэл шинэ цагийн тоглоомонд донтож, сэтгэл мэдрэл нь гажигтах болсон нь юутай их харуусал. Тоглоомны дон хүүхэд, залуус та нараас холын хол далд өнгөрөг. Зугаа цэнгэл, шалиа балианд зарсан өдөр хоног, цаг мөчийнхөө төлөө хожмын өдөр чи харамсан халаглана. Гэхдээ тэр үед бүх юм урсан өнгөрсөн байх вий. Урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болох биш. Хий харамсаж, өөрийгөө зүхэхээс цаашгүй.

Хүний амьдрал богинохон шүү. Хором хормоор хорогдох алтан цагийг хий дэмий юманд бүү үр!

Saturday, April 23, 2011

Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ

Хvн болж тєрсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв.
Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир
Хvнээс чи айж болгоомжилж яв.

Буруу биш зєв сэтгэлтэй явбал
Бурхан биш хvн чамайг аварна.
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь
Буг биш хvн чамайг ална.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.

Алив бvхэн ганцхан єдрєєр дуусдаггvй
Аавын хvvтэй ганцхан уулзаад єнгєрдєггvй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх

Зурвасхан тохиолыг vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно
Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мєр хvний сэтгэлд vлдээвэл

Он жилийн уртад тэр чиний эсрэг
Ой хєвч болтлоо ургасаар явна
Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн єдрєє тэр ойд орно
Гарах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана

Хєрєнгє зєєр нэр алдар албан тушаал
Хєгшдийн буян залуугийн тэнхээ найз нєхєд
Аль нь ч гэсэн єнєє байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр

Дайсан нєхєр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас
Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мєн
Yvний учир тэр хуудсанд инээмсэглэлээс єєр юм бvv бич

Sunday, March 27, 2011

Чойном: Уур минь хүрч байна


Засаг, заяа хоёртоо би гомдож явахыг хүсэхгүй
Залхуу хойрго ноёд, түшмэдийг боогоод алахыг хүсч байна..
Үнэн л юм бол түүний төлөө
Үхэхэд ч би бэлэн байна






Sunday, September 26, 2010

О.Дашбалбар Залуус, дүү нартаа хүргэх шүлэг


зээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!


Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Р.Чойном : БЯЦХАН СУРГААЛ


Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мєртєє
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертєнцєд элбэг мєртєє
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.



Єнєє vдэш голсон хоол
Єглєє босоход эрдэнэ болдог
Єсєхийн цагт хайхраагvй янаг
Єтлєхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай євєл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хєдєєд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бєгж сармагчинд хэрэггvй.

Бєєгийн хэрэгсэл ламд гай
Бєхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чєтгєрт дараа
Буу саадаг чавганцад тєвєг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хєєрхєн ч
Уртын замд шєнє морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.

Хєлийн оймсыг гарт ємсєгвєл ямар вэ
Хєхєєний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хєхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хєрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан єєрийн цагтай.

Yлгэрлэвээс єглєє галлах эхнэр
Yд єнгєрєєж босвол хэрэг юун
Yерхэж явсан нєхєр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тєдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь єнгєрєхєд тvvхийн дурсгал тєдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ єєрийгєє урьтаж шинж
Буруу зєвєє ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд

Thursday, September 23, 2010

Халамж


Эрх баригчид маань халамжийн бодлогын талаар их ярьдаг. Хавтгайруулсан халамжийн бодлого бол тэдний засагт тогтох, дахин сонгогдох гол хэрэгсэл нь болдог гэдгийг ч хүн бүр мэднэ. Ер нь хавтгайруулсан халамжийн бодлогоос өөр ийм хүчтэй, өргөн хүрээтэй хэрэгждэг төрийн том бодлого Монголд бараг л байхгүй болов уу.

Халамжилна гэдэг бол сайхан үг. Гэхдээ халамжийн бодлогууд их олон янз, үнэхээр сайн сайхнаас эхлээд маш аюултай, тэр бүү хэл бүхэл бүтэн улс үндэстнийг устгах, колончилох зориулалттай нь ч байдаг гэдгийг олон хүн анзаардаггүй. Маш нарийн шүүлтүүр, судалгаатай, шаталсан, хэтийн зорилготой, нийгмийн тодорхой бүлэгт, тодорхой хугацаанд зориулсан сайн бодлого гэж бий. Бас хэнийг ч ялгахгүй хавтгайруулан олгодог, хүсээгүй байхад ч хүчээр олгодог, улс төрийн хахуулийн шинжтэй ч бий. Чухам аль нь Монголд байдаг вэ гэдгийг та өөрөө мэдэх хойно.

Түүхэнд нэгэн “их халамжийн” бодлогын тухай бичигдэн үлдсэн байдаг. Энэ бодлого Монголчууд бидний хувь заяатай ч цаагуураа холбоотой. Тэр их бодлогын ачаар бид тусгаар тогтнолоо олж 300 шахам жилийн колончилолоосоо салсан гэхэд бараг хилсдэхгүй. Уг нь энэ бодлогыг Хятадын төрийн нэгэн их түшмэл Монголыг бус харин Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх бодолтойгоор бодож хэрэгжүүлсэн гэдэг.

Энэ бодлого нь Манж хүнийг бурхан мэт тахин дээдлэх, хүндэтгэн халамжлах гурван хуулиар хэрэгжсэн гэдэг.

Нэгдүгээрт: Манж хүн бол тэнгэрийн гаралтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстойг хуульчилсан байна.

Мэдээж хэрэг, тэр олон ноёнд олон зарц, хамжлагат, өөрийн хот, тосгон хэрэгтэй. Нэг тосгонд хоёр ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албаттай болохоор их Хятад гүрнээр нэг таран суурьшжээ. Мэдээж тэд бүгд л ноён болж жаргаж эхэлсэн байлгүй. Харин Манжийн нутаг эзгүйрчээ.

Хоёрдугаарт: Манж хүн бол тэнгэрийн хүү учир хар ажил хийхгүй, бас насан туршдаа цалин пүнлүүтэй байхаар хуульчилжээ.

Удалгүй, мужаан, дархан, тогооч, эрдэм мэдлэгтэй манж хүмүүс байхгүй болж бүгд л тогтмол сул цалинтай учир наргиж хэвтэхээс өөр “ажилгүй” болжээ. Газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болсон байна.

Гуравдугаарт: Манж эр хүн тэнгэрийн гаралтай учир ямар ч гурван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээр эхнэрээ болгон авч болохыг дархалжээ. Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Харин хэдэн жилийн дараа манж эрийн хүүхэд нь гэж хэн төрөх билээ ? Мэдээж хэрэг, хятад хүүхэд гарч удам тасарна.

Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг “бурхан мэт шүтэж” тэднийг хавтгайруулан халамжлан хайрлах хуулийг гаргасан тэр түшмэлийг хятадын ард түмэн үнэхээр үзэн ядаж, урвагчийн дээдээр нэрлэн харааж байсан гэдэг.

Тэр түшмэл бол хавтгайруулсан халамжийг бодлогын мөн чанарыг ойлгосон агуу ухаантан байсан байна. Хятад орон 100 жилийн дараа л түүний энэ их ухааныг ойлгосон гэдэг.

Гурван зууны туршид байлдаад дийлээгүй, Их эзэн Чингисийн Монголыг хүртэл эрхэндээ барьсан Манжийн их төрийг нэгэн түшмэл ганцаараа, бүр тодруулбал, нэгэн халамжийн бодлогын хүчээр мөхөөн сөнөөсөн ийм нэгэн түүх байдаг.

Өнөөдөр Манжийн хүчирхэг үндэстэн хаана байна? Тэд халамжлуулан алга болжээ.

Харин тэдний өмнөөс халамжийг нь үргэлжлүүлэн авахыг хүсэгчид наагуур чинь байна уу? Сайн хараарай.

Мөн хавтгайруулсан халамжийн тэр агуу муу бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэгчид бидний дунд байгаа болов уу? Байх шиг байна аа (Саарал байшин хавиар).

Харин та манж хүн шиг халамжлуулмаар байна уу, эсвэл жинхэнэ монгол хүн шиг өөртөө итгэж, өөдрөгөөр зүтгэж амьдармаар байна уу?

Tuesday, August 3, 2010

Р.Чойном: Үг


Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.

Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.

Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсны гарз шүү дээ.

Байлдааны хуягт шиг хүний урьдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.

Friday, December 25, 2009


Их Багш Хутагт Нагаржуна

АРДЫГ ТЭЖЭЭХҮЙ РАШААНЫ ДУСАЛ ХЭМЭЭХ ШАСТИР ОРШВОЙ

1.Алимад сайн гарахуйн орон бүхний цог Манзушри
Асрахуйгаар хотол бүхэнд түгээмэл зөөлөн аальт
Асар Зөөлөн Цогт гэж алдаршсан нигүүлсэгч итгэл
Амьтан бүхний дээд аврал Манзушри дор мөргөмүй.

2.Өтөл надад яруу шүлэглэх эрдэм үгүй боловч
Үлэмж харанхуйг зулаар гийгүүлэх мэт
Өөдгүй доод мунхагуудыг тэтгэхийн тулд
Өчүүхэн усны дуслын төдий яруу аялгууг өгүүлсүгэй.

3.Учиргүй бусдын гэмийг өгүүлж бүү үйлд,
Урьдчилж бусдын гэмийг өгүүлж хэрэв үйлдвээс
Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх бөгөөд
Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт.

4.Ер өөрийн биеэ магтаж бүү үйлд
Ер ганц өөрийг дэмий магтагч тэр хүн
Ердөө оюун билэггүй мууд бодогдох бөгөөд
Ихэрхэн бардамнасан Галандага мэт болмуй.

5.Хазгай явдалт муу нөхрийг бүү шүт,
Ханилбал түүний гэмд дайрагдах болмуй
Хатуужил хйисэн бясалгагчийн дээлэн дэх бөөсүүд
Хар мөрт нохой бөөсний уршигт дайрагдсан мэт

6.Үнэнхүү муу чанарт хүнийг дэмий бүү сурга
Үнэхээр сайн санаагаар хэлэвч харин гэм болюу
Үлгэрлэвэл эрт цагт нэгэн хэдэр сармагчин
Өчүүхэн Галандагын үүрийг эвдсэн мэт.

7.Аливаа үйл,явдал бүхнээ болгоомжтой үйлд,
Анхаарч сэрэмжгүй аашлахыг тэвч
Аймшигт галзуу заан мэт явлыг
Ашид хэзээ ч болов огт бүү үйлд

8.Хэн хүн бүгдтэй ямар үг хэлэлцэвч
Хэлэх бүхнээ шинжилж бодолтой өгүүл,
Хэрэв ажиглалгүй дэмий элдвийг чалчваас
Хийт галзуугийн донгодсон мэт болмуй

9.Саваагүй худал үгс дэмий ярихыг
Санаанаас хичээж сайтар тэвч,
Сайх үг нь өөрт тусгүй ба бусдыг хорлодог нь
Сандарсан тотийн худао хэлсэн мэт болой.

10.Өөдгүй худал үгсийг хэрхэвч бүү өгүүл,
Өгүүлж хэрэв бусдыг хуурах аваас
Үтэр зуур олонд чанар нь танигдах бөгөөд
Өлсөж ядарсан муурын үлгэр мэт болмуй.

11.Эгнэгт засдаг бач хуурмагаар бүү яв,
Элдэв засдаг явдлаар хууран явагч бээр
Эцэстээ олонд хүндгүй,итгэмжгүй болдог нь
Энэтхэгийн Ная бярманы гэргийн үлгэр мэт.

12.Аминч муу амрагийн үгэнд бүү ор,
Аргат муу нөхрийн үгээр явбал
Алсдаа нэгэн хэрэгт эрхгүй хууртана
Адилтгавал яст мэлхий бичийг хуурсан мэт

13.Арга мэхтийн зөөлөн үгэнд бүү итгэ
Ажиглалгүй итгэвэл магад хууртмуй
Адилтгавал тэнгэрийн хаан Хурмаст бээр
Асурийн аймгийг хуурсан мэт үлгэр мэт

14.Хор,хар ихт хүний үгэнд бүү ор
Хорт хүний үгэнд орох аваас
Хожим өөрт хорлол бий болдог нь
Хорссон ятуу,үнэгийг хуурч бүрэлгэсэн мэт

15.Хилэнцийн муу нөхөдтэй санаа нийлээд
Хээнцэр сайхан үгсийг хэлэлцэн ханилавч
Даанчиг янаг тэд шулам ч болдог буй,
Далайн хойгийн эм мангас мэт болой

16.Олон эдлэл ихт баячууд тэрсүүд дотор олон
Омог ихт баатар адгуус дунд ч элбэг бөгөөтөл
Эндүүрэлгүй утга төгөлдөр өгүүлэгч мэргэдүүд
Энэ ертөнцөд үнэндээ маш ховор

17.Учир иймийн тулд эрдэм бүхнийг
Уйсалгүй амьтайшаа холбож шамдан суралц
Ухаан эрдэм суралгүй дэмий явагч хүмүүн бээр
Угтаа мал мэт маш тэнэг ажээ

18.Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам
Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил
Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь
Хиргүй бадам лянхуа мэт үзэсгэлэнтэй

19.Сайжирч дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур
Сааль сүү эдлэхийг хүсэгчид хавраас үнээгээ тэжээ
Сайн тариа идэхийг хүсэгчид хөрөнгө тарь
Сац энэ гурвуул үрийг амсахын шалтгаан болмуй

20.Үнэхээр эрдэм нугуудад хичээвээс дээдийг олмуй
Өөдгүй ихэрхэн омогловол хэрхэж ихийг олох буй
Үлгэрлэвэл сүүгүй хөгшин муу үнээнд
Үзэсгэлэнт хонх зүүвч үнэ үл хүрэх мэт

21.Хэдий өөрт эрдэм буян хотол төгсөвч
Хэтрэн оморхож бусдыг бүү бас
Хайлмал тос мэт сэтгэлийг барьж
Хамаг эрдмээ хөөргөлгүй дар

22.Эрдэм билигт,өчүүхэн биет хүмүүнийг
Элдэвлэж хүчирхэн бүү бас
Эрт цагт хурц ухаант нэгэн туулай
Эрэмгий арсланг хуурч бүрэлгэсэн мэт

23.Үлэмж гэрэлт наран бээр хотлыг гийгүүлэх мэт
Өнгөлж ялгалгүй бүгдэд тусалбал
Үнэхээр тэр бүгд ачийг санаж тусладаг нь
Өчүүхэн хулгана,гууд унасан зааныг босгосон мэт тул
Өнөд амьтан бүгдэд туслахыг хичээ

24.Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино
Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино
Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино
Зарим хэрэгт уул мэт батад суувал зохино

25.Бусдын орон гэрийг түшэн суух ба
Бусдын эд идээгээр амьдрах цагт
Бусдын бээр хэдий чинээ басаж доромжловч
Буцааж хорлолгүй хүлцвээс амгалан буй

26.Асар муу хүнтэй өнөд ханилаад
Амтат идээ ундаагаар туслан тэтгэвч
Ачийг мартаад эргэж харин хорлох нь ч бий
Адилтгавал худагт унасан хүмүүн мэт

27.Муудаж сайдах нь хурдан,олон урваат хүнтэй
Магад нэг зангаар удаан ханилж үл болох
Мугуйд тавтиргүй тэр юу адил хэмээвээс
Муу бөсийг модны өнгөөр будаж гоёсон мэт

28.Хэрэв ухаант мэргэд нугуут өшөөт хүнээ
Хэтдээ ялж үйлдэхийг хүсэх болвоос
Хэдэр ширүүн өгүүлэлгүй аядуу зөөлөн аашилбал
Хэтэрхий хүчит дайсан ч машид дарагдах болмуй.

29.Агуу их далай хийгээд Сүмбэр уул,дөрвөн тив тэргүүтэн
Аливаа ертөнцийн ордыг үүрэх нь их үүрэг бус
Ачилж тусалныг умартан,ачийг хариулаагүй нэгэнд
Асар даашгүй өр төлөөсний их үүрэг ногдох буй

30.Аливаа хүний сэтгэл зөөлөн,санаа шудрага
Ачилсаныг санаж,чийг хариулж чаддаг ба
Ашид бусдын сайн үйлийг үл мартагч түүнийг
Агуу ихэс дээдсүүд тэтгэн сайшаах буй

31.Асрахуйгаар номыг үйлдвээс амгалант бөгөөд
Аймшигт мрөнг амар гатлах олом мэт
Амраг нөхөртөө бардах сэтгэлгүй
Ашид омоггүй явбаас амгалан буй

32.Хэт ихэрхэж,бардам дээгүүр явагч
Хилэнц муу хүнтэй ханилан нийлэгч,
Хэцүү их хүчтэнтэй мөчөөрхөн тэмцэгчид
Хэзээ ч санаа амар үл явмуй

33.Ахуй учир иймийн тул омог дээрэнгүй хийгээд
Агсран хэрэлдэх,хэдэр ярдгийг тэвчиж үйлд
Алдаршиж өргөгдсөн хэдий ч омог,уур ихэдвэл
Аргагүй түүний сайн нэр буурч одмуй

34.Өтөлсөн хөгшид,өсвөр нялхас ба өвчтөн
Үнэнхүү арга ядсан амьтан ба үгээгүй ядуу
Үлэмж хүчтэнд шахагдсан ба дорой нэгнийг
Өчүүхэн ч үл энэрэх тэр нь маш муу хүн буй

35.Өмөгт нутаг орноосоо салж холдоод
Өөр бусдын оронд явахуй цагт
Өтөл бусад муу үгээр харшилж доромжловч
Өшөөрхөж эсэргүүцэлгүй хүлцвэл зохимой

36.Бэрх зовлонг тэсэж чадвал хатуужил мөн
Бэрх үйлийг бүтээж чадвал эрхэм мөн
Бэрх утгыг мэдэж чадвал хурц мөн
Бэрх хорлолыг хариулж чадвал хүчит мөн

37.Хэрцгий муу,буруу араншинт хүмүүн нь
Хэдий чинээ тэтгэж тусалсныг ор тас мартаад
Хэдэрлэн уурлаж элдвээр хорлон бассан ч
Хэзээ ч хямралгүй,ус мэт ууж үгүй хий

38.Хишиг буян,амь нас,янаг садан дэлгэрэх нь чухаг
Хэсэг зуур бүрдэвч бас буурах нь машид хялбар
Хэрэв аливаа юмс хорогдсоор барагдахад хүрвэл
Хэрээ мэт шуугилгүй нам тайван сууваас зохимой

39.Хэрэв эд эрдэнэ барагдаж,садан бүл цөөрөх ба
Хэзээ нэг амраг садангийн хүчин мөхөсдөх
Хэрцгий дайсан хүчин үлэмж болохуй цагт
Хэдэр үгийг тэвчиж дуугүй оршвоос зохимой

40.Ер ихэс дээдэсийг дуурайж ядан дэмий их оморхох
Ер үнэнгүй арга залиар хэрээ мэт дэмий шуугих
Ер ичгүүр сонжуургүй,бусдад дэмий атаархах
Ер тийм хүн өөрийн хөвүүн боловч бусад мэт холдуул

41.Үнэхээр тийм буруу бодолт муу хүнд
Өндөр их нэр зэргийг өгч дээр бүү гарга
Өндөр суудалд гарснаар ноёрхож олныг хорлодог нь
Үлгэрлэвэл арьсаа хөхрүүлсэн үнэг мэт

42.Шившигт нүгэлд дуртай зарим мунхагууд
Ширүүн буруу явдалаа зөв болгож машид шунаглана
Шуналын эрхээр бусдыг хуурагч тэдгээр нь
Шувуудын олныг шүдээрээ хуурсан яст мэлхий мэт

43.Алс хойтоо үл санагч ухаан муут ардууд
Ашид өөрийн бие дээ зовлон болох зүйлийг
Асар завшаан болгож чухалчлан зүтгэдэг нь
Араатан бээр хавх,урхинд гүйн орох мэт

44.Өөдгүй омогтоо согтож сохорсон заримууд
Өөрийн муу гэмээ бодож,харалгүй
Өчүүхэн ялихгүй эрдмээрээ дэмий хөөрцөглөх нь
Үлгэрлэвэл худгын сохор мэлхий мэт

45.Уйгүй мунхарсан зарим балай ардууд
Үнэхээр номын утгыг онож мэдэлгүй
Үргэлж буруу явдалаа зөв болгож баясах нь
Өтөл тэнэгүүд чулууг эрдэнэ болгож эндүүрсэн мэт

46.Хэтэрхий тэнэг,машид мунхаг зарим нь
Хэзээ үхэх ба хожим юу болохыг бүр мартаад
Хэрэггүй олон үйлд шамдан уралдахыг
Хэрцгий шуламд хууртсан гэж мэдэгтүн

47.Эр эм тэргүүтэний гоо үзэсгэлэнд
Энэлж хүслээр ихэд тачааваас
Эцэстээ магад доройтож бүрэлдэг нь
Эрвээхэй тэргүүтэн зуланд унаж үхэх мэт

48.Адуу мал,идээ ундаа тэргүүтэй
Аливаа эд хөрөнгө хэдий чинээ хураав ч
Ашид эзэрхэлгүй орхиод үхэж оддог нь
Адилтгавал зүүдэнд эрдэнэ олоод сэрсэн мэт

49.Нүгэл хилэнцийн үйлийг үргэлж баясан үйлдээд
Нэгээхэн ч ариун буяныг сайтар бүтээж чадалгүй
Нэг мөр ертөнцийн үйлд шунан тачаасан
Нэн хүчит хор адил тэр хүмүүн нь

50.Энэ насандаа ч амаргүй зовж явах ба
Эцэс хойтод аюус тамын зовлонд нэрвэгдэнэ
Эндүү гэмээ санасаар зуурдын сансарт тэнэх ба
Эцэст нь эрлэгийн аймшигт гэгээн толинд
Эндүүрэлгүй буян нүглийн үйл бүхэл нь ялгарна

51.Эдүүгээ өөрийн хүссэн орондоо суух эрхгүй
Эгээрэн үл дурлах муу оронд насад хүлэгдэх зэрэг
Эгнэгт үйлийн үр хуурмаггүй магад боловсордог нь
Эртний Удвал шамнанц тэргүүтний олон үлгэр мэт

52.Үнэн утга тиймийн тул сайн ухаант мэргэд
Үргэлжид хэзээ үхэх магадгүйг санан үйлд
Өөрийн юу үйлдсэн бүхнээ бодон үйлд
Өөрт тустай сайн буяныг хичээн үйлд

53.Нэгэн хормын төдий энэ ахархан насаа
Нэг хэсэгч мөнхрөх мэт санагч тэрбээр
Нэн их эндүүрч буруу боддог нь
Нүгэлт эмийн ид шид мэт

54.Ашид мөнхрөх мэт буруугаар бүү аашил
Аймшигт гурван муу заяаны зовлонг сана
Амь таслах тэргүүтэн биеийн гурван нүгэлийг
Аль чадах чинээндээ хүчлэн хичээж цээрлэ

55.Худал хэлэх тэргүүтэй хэлний гэмүүд ба
Хомхой тэргүүтэй сэтгэлийн гэмүүдийг тэвч
Хоцроолгүй арван нүгэлийг машид боох энэ нь
Хоол дээдсийн явдал номын ёс бөлгөө

56.Асар халуунаар түлэгдэж,хүйтнээр хөлдөх тэргүүтэй
Арван найман тамын зовлонг өдөр бүр санаж үйлд
Ашид өлсөж цанган энэлсээр эцэнхий туранхай болсон
Аймшигт өлөн бирдийн зовлонг ч санаж үйлд

57.Тэрчлэн мунхраад элдэв зовлонд нэрвэгдсэн
Тэнэг хэлгий адгуусны зовлонг санана үйлд
Тэдгээр гурван му заяанд төрүүлэгч нүгэлийг тэвчээд
Тэнгэр,хүмүүн зэрэг сайн заяанд төрүүлэгч буяныг үйлд

58.Олдохуйяа бэрх Замбуу тивийн хүний энэ сайн биеийг
Орь ганцын төдий энэ л цагт
Олон зовлонт муу заяаны уг болсон нүгэлийг
Огоот хянамгайлж чин зоригоор тэвчигтүн

59.Ийм сайхан хүний биеийг олоод ном буян хийлгүй
Эцэс хойт доо ерөөл тавимз,гэсээр өнгөрөөгч
Эргүү тэнэг хойрго тэдгээр бүгд
Эцэст муу заяанд хүрсэн хойно машид гэмшмүй
Эрт цагт Шарабанад төрөгч хэмээх нэгэн хөвгүүн
Эцэнхий туранхай олон бирдийг үзсэн үлгэр мэт

60.Аяа хөөрхий,энэ нас минь магад баттай бишээ
Амьдрах насны үлдсэн нь жил сарын төдий
Асар түргэн өнөө маргааш үхэх нь магадгүй тул
Авралт ном буяны үйлд алгасрал үгүй яаран хичээ

61.Үнэн сүсгээр дээдийн номд орсон дорд шивэгчин ба
Үргэлж энэ насанд шунасан Загарваарди хаан хоёроос
Үнэн дээ доорд шивэгчин нь дээр гэж Бурхан номложээ
Үлгэр тиймийн тул энэ насанд шунаглахыг тэвч

62.Эрхэм дээдийн номд ороогүй боловч
Энэ ертөнцийн үйлсэд ичгүүргүй хичээн орогчид
Эцэстээ олонд муушаагдан доройтдог нь
Эрт цагийн Биралын орны тарнич мэт

63.Уул хадны алд төдий бага сага гуу жалганд ч
Унахгүйн тулд бүхий л чадлаараа хичээх атал
Асар ёроолгүй тамын их халилд унахаас
Анхаарч сэрэмжлэлгүй явах нь юуны учир вэ?

64.Өчүүхэн бага гичийн будаа төдий шархыг ч
Өвтгөхгүйг хичээж эмнэн засах атал
Өгүүлшгүй хүйтэн тамын хагаран хөлдөх шархыг
Өнөд анагаан засахгүй явах нь юуны учир вэ?

65.Өдрийн хэсэг богино хугацаанд ч
Өлсөж цангахыг тэсэхгүй бөгөөтөл
Өнөд удаан бүтэн галаваар ч
Өлсөж цангахыг яахан тэсэх

66.Өөрийн гар хөл,биед хатгагдсан
Өргөсний үзүүрийг тэсэхгүй бөгөөтөл
Өөр бусдын биеийг элдэв мэсээр
Өвтгөж аминаас хагацуулахыг яахан тэсэх

67.Аливаа модноос хорхой төрвөл мөнхүү модоо идэх
Аливаа хөрөнгөнөөс ногоо ургавал мөнхүү хөрөнгө нь хоосрох
Аргал түлээнээс гал ноцвол мөнхүү түлээ нь үнс болох
Аль хэн нэг нүгэл хураавал мөнхүү өөрөө зовох

68.Хойтохоо бодож чаддаг нь цэцний ёс
Хорт нисваанисыг дардаг нь баатарын ёс
Ховдог шунал үгүй нь номыг үйлдэх ёс
Хосгүй мэргэдийн ёс нь юмсыг онож мэдэх ба
Онож мэдэхийн ёс нь сайтар судлахуй мөн

69.Өгсөн бүгдэдээ гэмшил үгүй нь өглөгийн ёс
Үзэмжээр засалгүй явах нь шагшаабадын ёс
Үнэнхүү номын чанарыг мэдэх нь тэвчээрийн ёс
Үхэхээ санаж номд шамдах нь хичээнгүйн ёс

70.Элдэв зүйлд үймрэхгүй нь дияаны ёс
Эндүүрэлгүй утгыг ялах нь билгүүний ёс
Бурханыг машид хүсэх нь сүжэгийн ёс
Будангуй атгагийг арилгадаг нь егүзрийн ёс

71.Ах дүү,эд малд шуналгүй нь бясалгагчийн ёс
Амьтанд туслах сэтгэлд ихэт нь хэрсүүгийн ёс
Ашид хуурмаггүй үнэнээр орших нь шудрага ёс
Аливаа үйлст сэрэмжтэй байх нь аюулгүйн ёс
Алин тэдгээрийг хаадын ёс хэмээн номложээ

72.Үнэнхүү эдгээр зөв ёсоор явалгүй
Үргэлж муушаагдах нүгэлийг үйлдвээс
Үйлийн үр тун хуурмаггүй тул
Өнөд удалгүй боловсорч бий болно

73.Эд баялаг бий бөгөөтөл хармаар хүлэгдэж
Эгнэгт бусад гуйваас уурсан хилэгнэгч нар
Эцэстээ их зовлонд дарагдаж зовдог нь
Энэтхэгийн Шумара балгасны үзэшгүй мэт

74.Адил сацуу садан нөхөртөө бүү атаарх
Ахуй энэ насандаа ихэд зовох бөгөөд
Алс хойтод ч их зовлонг эдэлдэгийг
Адилтгавал бярманы хөвгүүний үлгэр мэт

75.Хэзээд бардам омоггүй нь машид номхоноор яв
Хэнийг ч хуурч мэхлэлгүй үнэн шударгаар өгүүл
Хэдэрлэж уурлалгүй омгийг тэвчин үйлд
Хэн бүхэнд инээмсэглэж шударга зөөлөн өгүүл

76.Ашиггүй дэмий олон үг дэмий бүү чалч
Алгасарч олны үймэх олны газар бүү яв
Архи тэргүүтэй согтоогч бүгдийг бүү уу
Аль чадлаар амьтан бүгдэд өглөг өг

77.Амраг садангүй нэгнийг тэтгэн асар
Ариун буян номд аль чадлаар хичээ
Амлаж авсан сахил санваараа ариунаар сахь
Анхаарч эдгээрийг хичээн үйлдэж чадсан
Асар олон амьтад амгаланг аяндаа олюу

78.Эдүгээ цөвүүн цагын маш муу ард
Эрхит Бурханы шашныг сүйдэхэд хүргэв
Энэ муу цагийн гутамшигт муу явдалт
Эрдэм үгүй,буруу үзэлт мунхагууд
Эрхэм Шагжамүнийн шашны номын ёс
Эрдэнийн сайхан журмыг эвдэж сүйтгэв

79.Өөрийн дураар цамнаж,дээдийн номыг орхисон
Өнөө цагийн харгис догшин ардууд
Өөдгүй шуналаар мансуурч,хойтохоо умартаад
Өмөгт шашны хайран дуазыг гишгэлэх болов

80.Олиггүй биеээ хээлж,номоо огоорсон
Одоо цагийн толгойгоо алдсан цагын хуврагууд
Олзын тулд арга заль,башир хуурмагаар
Онцгой шашны Галбарвас модыг огтолж унагаав

81.Одоо цагын омог бардам,хилэнц ихтэй
Олзонд дурлаж,ихэмсэг дүрийг үзүүлсэн
Олон олон нүглийг үйлдэгч тэдгээр хүмүүс
Орчлонгоос гэтлэх номын онгоцыг эвдэж сүйдлэв

82.Самуун энэ цагийн номхотгоход бэрх,ичгүүр үгүй
Сац нүгэлд шунаж,засдаг хуурмагыг үйлдсэн
Санаанд багтамгүй нүгэл хилэнцэт нугууд
Сансараас гэтлэх шашны гүүрийг нурааж сүйтгэлээ

83.Өдгөө цагт Их Чадагч Бурханы шашин нь
Өчүүхэн төдий үлдэж хоцорсон боловч
Өнөд удалгүй хайран шашны эрдэнэт далай нь
Өсөл аривжил үгүйеэ ширгэн одоход хүрлээ

84.Арслан Богдын номлосон гайхамшигт шашин маань
Аяа муу цагийн мэсийн хүрдэнд машид хэрчигдэн
Асар түргэн эвдэрч үгүй болоход хүрлээ

85.Аяа,энэ адил цаг болох үед
Амгалан жаргалыг хүсэгч нарт
Ач туст сургаал номлолыг
Анхаарч өднөө сайтар номловол зохино

86.Цагийн хүрдэн муулах үед ард олон
Цаглашгүй билгүүн төгөлдөр нугууд ба
Ариун журамт дээдсийг таньж үл чадна
Андуу гэмтнийг шүтэн,санваараа цалгардуулж
Аглагаас айн,үймээн самууныг чухалчилна

87.Үнэн мэргэн бус,үзэл буруут багш нарын
Үнэт эд,ширүүн явдал, омог хөөрөмшил ихэднэ.
Үлэшгүй тэдэнд сэтгэлээ тушааж итгэсэн тул
Үлэмж чухаг Бурханы шашныг сүйтгэх аж.

88.Амар амгалан явах цаг бараглан
Асар тэсэшгүй ширүүн явдал ихэдсэн
Агуу билгүүн төгөлдөр хүмүүн хийгээд
Авралт яухаг богд нар ховор болсон

89.Аяа хөөрхий ийм мууд хүрсэн энэ цагт
Алсаа бодогчид өөрийн нутаг орноос хагацаж
Аглаг үймээнгүй нэгэн зохист оронд
Аливаа өгүүллийг тэвчээд номчлон сууж үйлдээрэй

90.Ариун цагаан номоор яван үл чадагч ардад
Асар бэрх бус зөв шударгаар сургасан энэ шастирыг
Алсдаа өчүүхэн тус болох боловуу гэж бичсэн буянаар
Амьтан бүхэн мунхаг ухаанаас гэтэлж, зөв ёсоор явах болтугай.


Р.Чойном

Жаргал зовлон

Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...


Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явхыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явхыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явхыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

Гэтэл
Халагдхаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хааи
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ

Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгаж зовлон ч гэнэ

Гэтэл
Амьдрал мэдэхгүй багчуудыг
Амаргаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ

Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах сансандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай

Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?

Үгүй ээ!, Барагдах нь байтугай багссангүй
Үндсий нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай заохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөл хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хотуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартхын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залиглаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог

Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж

Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинэ их ухаан чинэ урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу

Saturday, October 3, 2009


Бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн “73 мэдвэл зохихуй” гэж юу вэ?


Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралынхаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г бид “Хөх толбо” сонин дээр дурьдаж тайлбарласан. Энэ 16-г хар зөн гэж нэрлэдэг. Өвөг дээдэс маань 16 хар зөнгөөс гадна 16 хар зэм гэдгийг бас учрыг нь тайлж, дотоод холбоос уялдааг нь олсон. 16 хар зэм бол нийгмийг бүхэлд нь унагахад дэглэмийг сууриар нь донсолгоход аюул учруулдаг тийм зэмийн тухай ярьж байна. Энэ 16 хар зэм бол 16 хар зөнтэй адил гурван хэсгээс бүрэлдэж байгаа. Эхнийх нь таван тамлал, дараачийнх нь долоон доройтуулал, гуравдахь нь дөрвөн үхвэр. Ийм ангилалтайгаар 16 хар зэмийн асуудлыг гаргаж тавьсан. Бид 16 хар зэмийг дурдъя. 16 хар зэмийн 5 тамлалд дараах зүйлүүд орж байгаа юм. Үүнд тархигүй ганганацарууд, баялгаа бусдад булаалгах, улсаа мунхагжуулах, засаг зарчим хариуцлагыг мөхөөх, гэгээрлийг тэнэглэл хэмээж
хойд насандаа жаргахыг номлодог. Ийм таван зүйл бол таван тамлалд ордог юм. 16 хар зэмд 7 доройтуулал гэж байгаа.
Үүнд дараах долоон доройтуулал орж байгаа, монголчуудыг архичид, өвчтөнгүүд болгох, тусгаар тогтнолыг нь булшлах, хохирлоор нь улсыг дампууруулах, харийхныг дуурайх, аймшгийг дээдлэх, нийгмийг живүүлэх, сэрэхүйг хоослох зэрэг 7 зүйлийг доройтуулал гэдэг нэр томъёогоор томъёолсон. 16 хар зэмийн 4 үхвэр гэдэгт улсаа ханзлах, тэгш эрх гэгчээр засгийг үгүйсгэх, баялгаа зээлийн төлбөрт өгөж улсаа хоосруулах, монголчуудыг өстөнгүүд болгож алалцуулах зэрэг 4 зүйл орж байгаа юм. Тэгэхлээр Дээд онол дотор Дээд үнэн, Дээд сэтгэхүй, Дээд зөн зэрэг бол манай улсад олон зууны туршид тохиосон, туулж өнгөрүүлсэн хүнд бэрхшээлүүдийг цэгнэн дүгнэж 16 хар зөн, 16 хар зэм гэж томъёолсон. Үүнээс гадна, 16 хар зэм бол дотоод өвөрмөц шүтэлцэлтэй.
Уг шүтэлцлийг дурьдаж харуулъя. Гадныхныг дууриах, мунхаглалыг дээдлэх явдал монголчуудын сэрэхүйг хоосолж биеийг нь сүг болгодог. Энэ гурван хар зэм дараагийн 3 хар зэмийг үүсгэнэ. Тархигүй ганганцарууд монголчуудыг өстөнгүүд болгох, архичид, өвчтөнгүүд гэсэн бүлэглэлүүдийг нийгэмд буулгаж өгдөг юм. Энэ ганганцарууд, өстөнгүүд, архичид, өвчтөнгүүд бас өөрийн гэсэн буруу ойлголт буруу үйлийг хийнэ. Тухайлбал одоо зовж хойд насандаа жаргана гэгч юмуу, эсвэл тэгш эрх зарлаж зовлонг жаргал мэтээр төсөөлөх, аль эсвэл амиа алдахыг зөвтгөх гэсэн ийм нийгэмд эвгүй үзэгдлүүдийг бий болгодог. 16 хар зэм бас сүйрлийг бадрал гэж үзэж улсаа панзлах үзэгдлийг үүсгэнэ. Улсаа панзлана гэдэг маань Их засагийг орхиж баялгаа бусдад булаалгах хохирлоор улсаа дампууруулах, баялгаа зээлийн төлбөрт өгч улсаа хоосруулах гэсэн ийм үр дагавруудыг араасаа дагуулдаг.
Ингээд бидний сая дээр дурьдсан арван 3 хар зэм, эцэст нь хариуцлагыг хоосолж, тусгаар тогтнолыг хямдруулж, түвшин сайхан нийгмийг булшлахад хүргэдэг. Энэ дээрх бидний дурьдсан 16 хар зэм манай оронд байна уу гэвэл байж байгаа. Учир нь бид үүнийг яагаад ярьж байгаа юм бэ гэвэл монголчууд найман зуун жилийн тэртээ онолын дээд сэтгэхүйтэй, Дээд онолтой, дээд үнэнийг тайлсан тэр гайхамшгаа бүгд мартчихсан байсан. Одоо үүнийг сэргээж ярих шаардлагатай. Гадныхны номлолоор, гадныхны бодлогоор, гадныхны зарчмаар ажиллах болохгүй гэдэг хүн бүхэнд ойлгогдож ирсэн. Их монгол улсыг байгуулах гэдэг тийм амархан үйл явц байгаагүй.
Монголчууд 40 мянган жилийн тэртээгээс нийгмийн үзэгдлүүдийг өөрийнхөө оюун ухаанаар судалж онох алдах буруутах, ялах, ялагдах энэ бүх зовлонг туулж байж онолын дээд түвшинд очсон. Бид түрүүчийн ярилцлагад Их Тэмүжин Чингэс хааны агуу хоёр том гавъяаг дурьдаж хэлсэн.
Нэг нь, Дээд онол, нөгөөх нь 9 өлзий. Тэгэхлээр манай хөгшчүүд ер нь дээд онол руу орох тэр нарийн арга зүй, арга билгийг төгс эзэмшиж байж нийгмийнхээ үзэгдлүүдийг ойлгох дүгнэх, мэдсэнээ онол болгох, онолоо үзэл болгох, үзлээ том бодлого болгох, бодлогоо хэрэгжүүлэх явцад оносон алдсанаа цэгнэх энэ бүгдийг мэддэг байжээ гэсэн дүгнэлтийг өнөөдөр бид хийж байгаа юм.
Үүнээс гадна бидний өвөг дээдсийн ялангуяа Чингэс хааны гоц гавъяаг дурьдаж байх хэрэгтэй. Юу вэ гэвэл, тусгаар тогтнол гэсэн асуудлыг монголчууд дээр үеэс маш өвөрмөц хэлбэрээр гаргаж тавьсан. Тусгаар тогтнолын асуудлыг ерөнхийлж ярьж байсан удаа нэг ч байхгүй. Яг бодит амьдралаас ургуулж ярьж байсан. Тусгаар тогтнол гурван түвшингээр яригддаг. Анхдагч түвшин, дундаж түвшин, дээд түвшин гэж. Анхдагч түвшин бол гэрийн онолын түвшинд тусгаар тогтнолын асуудлыг хөнддөг. Дараагийн дундаж түвшин бол андын түвшинд, эцэст дээд түвшинг улсын хэмжээнд, гүрний хэмжээнд ярьж байгаа юм. Одоо энэ асуудлыг тодруулъя. Монголчууд гэрийн онолыг боловсруулах явцад айлын таван тусгаар тогтнолыг ярьсан. Андын түвшинд үндэсний таван тусгаар тогтнолыг улс гүрний хэмжээнд таван тусгаар тогтнолыг илэрхийлж зааглаж ярьж байгаа юм.
Үүний хамгийн гол зангилаа нь андын түвшинд ярьдаг үндэсний таван тусгаар тогтнол байгаа юм. Үндэсний таван тусгаар тогтнолыг анд хариуцсанаар айлын таван тусгаар тогтнол бодитой болж, улс гэрийн таван тусгаар т.огтнол 108 түвшин сайхныг олж амилдаг. Андууд үндэсний таван тусгаар тогтнолыг дараах таван чиглэлээр ярьж байгаа. Нэгдэх нь цус, хоёрт нь, тархи, гуравт тархи, дөрөвт нь үйл, тавд нь орон зай. Эндээс анд бол үндэсний таван тусгаар тогтнолын эзэн мөн гэсэн томъёолол гарч ирсэн.
Хэрэв үндэсний таван тусгаар тогтнол амилавал айлын таван тусгаар тогтнол улс гүрний таван тусгаар тогтнол амилна. Тэгэхлээр андгүй болно гэдэг зүгээр нэг эд мөнгөн дээр ч юмуу, ашиг сонирхлын үндсэн дээр андын холбоо байгуулдаггүй. Андын асуудал өөрийн гэсэн
зүй тогтлын дагуу төлөвшиж бий болдог. Тухайлбал, андууд дөрвөн том шалгуурыг баримталж анд болцгоодог. Энэ дөрвөн шалгуурт, нэгд нь оршихуй, хоёрт нь амьдрахуй, гуравдахь нь өрх толгойлох, дөрөвт нь дур булаах гэсэн дөрвөн шалгуур байгаа. Оршихуй гэдэг маань андын ойлголтоор бол хамтын хариуцлагыг баримтлах биеэр үйлдэх гэсэн ойлголтыг багтааж явдаг. Амьдрахуй гэдэг нь өөрийн оюунаар дээд дэмийг дотоод хүчин болгох гэсэн утгатай. Өрх толгойлох гэдэг нь эзэн биеийг олж үнэнч амьдрах. Дур булаах гэдэг нь өөрийнхөө давуу гоц авъяасыг харуулах гэсэн утгатай юм. Ийм дөрвөн шалгуураар анд болдог. Энэ дөрвөн шалгуур нэг зүйлд захирагдана. Нэгд нь, анд болох эрдэм нь таван тусгаар тогтнолоо хамтран хариуцна гэсэн утгыг агуулж байгаа юм. Энэ дөрвөн шалгуураас гадна, боловсрохуй, гэгээрэхүй, дэлхийчлэхгүй гэсэн ийм гурван чиглэл андын үйл ажиллагаанд илэрдэг. Гэгээрэхүй гэдэг нь нүүдлийн соёлыг амилуулах. Боловсрохуй гэдэг нь нүүдлийн соёлоор өөртөө эзэн болох эрх эдлэх. Дэлхийчлэхүй гэдэг нь хүчээ зузаатгаж улс орноо хамгаалах гэсэн утга санааг агуулж байна. Үүний зэрэгцээ анд нь удирдахуй, их засагч гэсэн утгуудтай холбоотой. Удирдахуй дотор тооцоолохуй, хэмжихүй гэсэн хоёр ойлголт багтдаг. Тооцоолохуй гэдэг нь цээжээр бодож, урлахуйг эзэмшихийг хэлж байна. Хэмжихүй гэдэг нь онолоор жаягаар, хохирлоор аливааг тодорхойлохыг хэлж байгаа юм. Тэгэхээр анд болно гэдэг бол бидний өнөөгийн ойлголтоор элдэв янзын бүлэглэл болох мөнгө олох, баяжих гэсэн санааг огт агуулдаггүй. Анд бол түүхэн нөхцөлд Монгол улсыг хүчирхэг гүрэн болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн ийм нэгэн өвөрмөц монголч шинжтэй зохион байгуулалтын хэлбэр байсан. Өнөөдөр монгол улсыг аврах тухай ярихад хамгийн түрүүнд үндэсний таван тусгаар тогтнол дээр тулгуурласан, энэ таван тусгаар тогтнолоо хамтран хариуцдаг зарчмаар андыг буй болгох ёстой. Анд гэдэг бол дотроо тодорхой түвшингүүдтэй. Тухайлбал, зохион байгуулалтын хэлбэр нь юу вэ гэвэл дээр үед монголчууд аравт, зуут, мянгат, түмт, бумт гэжярьдаг байсан бол андын зохион байгуулалтын хэлбэр үүнээс өөр. Түрүүчийн дурьдсан хэлбэр бол цэргийн зохион байгуулалтын хэлбэр юм. Харин аж ахуй, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт өөр хэлбэртэй байсан. Тухайлбал гал, чангас, отог, аймаг, улс, гүрэн, их улс эдгээр ойлголтууд бол андтай холбоотой бий болсон утгууд юм. Гал гэдэг маань арван өрхийг, шандас гэдэг нь зуун айл, отог гэдэг нь мянган өрх, аймаг гэдэг нь түмэн өрхийг багтаасан ойлголт. Улс гэдэг нь зуун мянган өрхийг хамрах жишээтэй. Тэгэхээр зохион байгуулалт нь хүртэл өөрийн гэсэн онцлогтой болж таарч байна.
Одоо бид андын түвшинд үндэсний таван тусгаар тогтнолын асуудлыг ярихын зэрэщээгээр гэрийн түвшинд бас тусгаар тогтнолын асуудлыг хөндөх шаардлагатай. Энэ бол анхдагч түвшин. Бид гэр бол агуу их оршихуй, гэгээн сэтгэхүй гэж тодорхойлж байсан. Тэгвэл гэр маань өөрөө монголчуудын агуу их оршихуй төдийгүй гэрийн онолоор монголчууд их гүрэнг байгуулсан түүхтэй юм шүү. Одоо бид гэрийг хэрхэн онол руу оруулсныг дурдъя. Монголчууд дээр үед 6 ханатай гэр барьдаг байсан. Одоо өнөө үед ихэвчлэн 5 ханатай гэрт амьдарч байна. 6 ханатай гэр 95 уньтай. 6 хана нь 550 нүдтэй. Гэрийн ханын 550 нүдийн 550 шалтгаан үр дагавар гэж тодорхойлжээ. Гэрт 5 тусгаар тогтнол байдгийг гаргаж тавьсан. Тухайлбал, удам, ахуй, засаг хэрэгцээ, зоригдол. Энэ бол айлын таван тусгаар тогтнолыг илэрхийлж байгаа ойлголт. Үүнийгээ зүгээр нэг нэрлээд зогсоогүй. Гэрийн дотоод бүтэцтэй холбож тайлбарласан. Тухайлбал унь
гэдгийг удмаар, тотго гэдгийг ахуйгаар, сагалдаргаыг засгаар, чагтага гэдгийг хэрэгцээгээр, хярсан гэдгийг зоригдлоор нэрлэж таван тусгаар тогтнолыг гэрийн дотоод бүтцийн таван бүтцээр нэрлэсэн байгаа юм. Ер нь байшинг, бидний сууж байгаа шавар байшин байна уу, орон сууцанд бидний яриад байгаа таван тусгаар тогтнолыг нэрлэе гэхэд олдохгүй байна. Харин гэр бол тийм биш. Монголчууд аливаа зүйлийг бодит зүйлтэй холбож ярьдаг нь тэр үеийн сэтгэхүйн өндөр түвшин төлөвшихөд нөлөөлсөн. Ер нь унь, тотго, сагалдаргар, чагтага, хярсан таваар айлын таван тусгаар тогтнолыг нэрлэж баталгаажуулна гэдэг бол хэний ч санаанд багтамгүй зүйл байгаа юм. Гэтэл ингэж чадсан нь гайхамшигтай. Үүнээс гадна гэрийн хоёр багана бас зориулалттай. Гэрийн баруун багана бол эцгийн удамшлыг заана. Гэрийн зүүн багана бол эхийн уламжлалыг дагана.
Монголд шарын шашин орж ирснээс хойш монголчуудын дунд эмэгтэйчүүдийг үзэн ядах тийм үзэл рүү оруулсан. Шарын шашинд лам нарыг гэр бүлтэй болгодгүйн учир нь эмэгтэйчүүдийг хамгийн бузар амьтан гэж үздэг байсан. Эмэгтэйчүүдийг эдийн шуналтай, хорын тулам, хэрүүлч гэр бүлийг сүйтгэгч гэх маягаар нэрлэж, өөрөөр хэлбэл гэрийн доторхи зүүн баганыг устгаж өгсөн шүү дээ. Үүнийг бид мэдэхгүй олон зууны турш эмэгтэйчүүдийг эрчүүддээ, ялангуяа өндөр хэргэм зэрэгтэй эрчүүддээ ойртуулахгүй, том бөхчүүдийн дэргэд эмэгтэйчүүдийг зогсоолгохгүй ирсэн. Одоо болохоор эмэгтэйчүүдийн талаар юу ч дугарахгүй байгаамдаа. Шарын шашин лам нар гэр бүлгүй байна гэсэн үзлээс ухраад гэр бүл болсоор байгаа. Гэтэл монголчууд эмэгтэйчүүдийг, эх хүнийг ээжээсээ дээд гурван эрхийг хүндэтгэдэг байсан. Өргөмжлөл, гэрийн зүүн багана болох эхийн уламжлалыг, гэрийн баруун багана болох эцгийн удамшлыг дагана гэснийг гаргасан байгаа. Үүнээс гадна гэрийн онол бол монголчуудын үндэсний дархлааг өөртөө дагуулж байдаг. Энэ нь юу вэ гэвэл доодчууд нь гэрийн хананд багтаж, дээдчүүд нь гэрийн туурганд нэгдэж аливаа бүхэн тоонондоо захирагдах ёстой гэсэн монголчуудын үндэсний дархлааг буй болгосон юм.
Үүнээс гадна, улсын түшмэд, гүрний түшмэд тусгаар тогтнолын асуудлыг хөндөх явдал онцгой ач холбогдолтой байдаг. Бид тусгаар тогтнолыг өнөөгийн түвшинд эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар тогтнол, оюуны тусгаар тогтнол, мөн соёлын гэж ярьж байгаа. Харин найман зууны тэртээ монголчууд таван тусгаар тогтнол гэж ярьдаг байсан. Энд юу юу орж байна вэ гэвэл тархи эрдэнэ, айл эрдэнэ, Их засаг эрдэнэ, Хаан эрдэнэ, Нийхэм эрдэнэ гэсэн ийм таван зүйлийг багтааж байгаа. Тэгэхлээр бид айлын таван тусгаар тогтнол, үндэсний таван тусгаар тогтнолыг хооронд хутгаж болохгүй. Бүгд хоорондоо холбоотой гэдгийг энд анхаарах ёстой юм.

Анхдагч түвшинд тусгаар тогтнолыг сүлжээг гаргахдаа айлын засаг бол өрхийн тэргүүлэгчийг хэлж байгаа юм. Удмаа хадгална, удмаа хадгалж чадвал өрхийн ахуй тогтноно. Айлын засаг бол зорилтоо тодорхойлох ёстой, тэгвэл хэрэгцээгээ хангана. Ингээд ахуй хэрэгцээ хоёрын холбоог гаргаж ирж байгаа юм. Үндэсний таван тусгаар тогтнол гэдэг бол айлын тусгаар тогтнолтой шууд холбоотой бөгөөд өрхийн тэргүүлэгч гэр бүлийн амьдралаа үнэнч зохиосноор андын болзлоо хангаж байгаа юм. Үүнээс гадна өрхийн дотор оршихуй, амьдрахуй, давуугаа харуулах шаргуурыг хангасан байх ёстой. Ингэж анд руу орно. Андын хариуцдаг үндэсний таван тусгаар тогтнол бол үйл, засаг, орон зай, тархи, цус гэсэн таван зүйл юм. Харин улсын хэмжээнд, их засаг хаан тархитай байх ёстой, эзэн хаантай байх ёстой, айлуудын төвлөрөл нийхэм болж хувирдаг. Ингэж таван тусгаар тогтнолын асуудлыг ярих шаардлагатай болсон.