МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай.
“Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна.
Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ.
“Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн”. Харамсалтай нь ихэнх хүмүүс “хамгийн том үрлэгийн” эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй.
Хүмүүс мөнгөтэй, мөнгөгүй, их мөнгөтэй, бага мөнгөтэй янз бүр. Харин тэнгэр бурхан хүн бүхэнд ижил тэгш хайрласан, мөнгөнөөс хавьгүй үнэт баялаг бол “цаг”. Цагийн үнэлэмж хүн бүрт өөр, өөр. Нэг хэсэг нь цагийг нүдний цэцгий мэт хайрладаг үнэт эрдэнэсийнхээ магнайд залж дээдэлнэ. Нөгөө хэсэг нь цаг завгүй гэж үглэнэ. Зарим нь цаг нөхцөөх гэж зовно. Цагийг шал дэмий зүйлээр оролдон өнгөрөөдөг хүн цөөнгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөсэй гэж хүлээсэн хүнд цаг хэчнээн удаан өнгөрнө гээч. Жаахан удаад өгөөсэй гэж хүссэн хүнд цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрнө. “Дундаж хүмүүс цагийг яаж үрэхийг бодож байдаг бол авьяаслаг хүмүүс түүнийг яаж зөв ашиглахыг бодож байдаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ухаант залуус та нарыг цагийг яаж зөв ашиглахыг бодож байдаг хүмүүс байгаасай гэж хүснэ. Зөвхөн бодоод суугаад байх биш цаг алдалгүй хэрэгжүүлдэг болоосой гэж бүр их хүсч байна.
“Хэрэв сайн л ашиглаж чадвал цаг ямагт хангалттай олддог” юм. Цагийг сайн ашиглах хосгүй эрдэмд шамдан суралцах хэрэгтэй. “Цагийг үрэлгэн өнгөрөөх нь бүхнээс муу хэрэг” гэдгийг зүрхэндээ мэдэрч, чөмгөндөө шингээж авсан хүн цагийг үр ашигтай өнгөрөөдөг болно.
“Эргээд сайн харах юм бол амьдралын ихэнх хэсэг нь балай тэнэг явдалд үрэгдсэн байдаг. Мөн багагүй хэсэг нь хийх юмгүй суухад зориулагдаж, амьдрал бүхэлдээ хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ ерөөс зарцуулагдаагүй байдаг” гэж эртний Римийн нэгэн ухаантан уулга алдан харамсчээ. Хамгийн хэрэгтэй тэр зүйлдээ амьдралаа зориулахын тулд цагийг зөв ашиглаж сурах шаардлагатай. Тэгж байж амьдралынхаа ихэнх хэсгийг балай тэнэг явдалд үрэхгүй. Цагийг үр ашиггүй нөхцөөж байгаа хүн шүүрэн шанагаар ус хутгаж суугаа хүнтэй л адил. Юу ч хийхгүй зүгээр суух юм уу хэвтэж л байвал аз жаргал гэж үзэх нь мунхаг хүний үйлдэл, асар их гажсан төөрөгдөл мөн. “Хүн зүгээр сууж, гунигтайгаар амиа тээхийн тулд биш, аугаа их үйл хэргийг гүйцэтгэхийн тулд төрдөг” гэдгийг залуу хүн бүр оюун ухаандаа тогтоож, насан туршдаа санаж яваарай.
Амьдралдаа хэрэгтэй дэг журам тогтоохыг хичээ. Дэг журамтай хүн бүтээлч байдаг юм. Ажилсаг бүтээлч хүмүүс хэрэгцээтэй дэг журмыг тогтоон хэвшүүлж, түүнийгээ ягштал мөрдөж байж амжилт олсон жишээ захаас аван бий. Харин үр ашиггүй, хэрэгцээгүй дэг дэглэм тогтоож өөрийгөө хааш нь ч чөлөөтэй хөдөлгөхгүйгээр баглаж хүлэх нь сайн зүйл биш. Тиймэрхүү хэв маягт баригдсан хүн өөрийгөө царцааж, яваандаа хөлдөөж ч мэднэ. Бусдын тулган хүлээлгэсэн дэг журамд хүлэгдвэл эрх чөлөөт нэгэн байхаа больж, тэрхүү дэг журмын боол болон хөөрхийлөлтэйгээр зовно. Цаг хэмнэхэд сургадаг тийм дэг журмыг тогтоон хэвшүүлж чадвал амьдралдаа асар их буян хишгийг хураан авлаа гэсэн үг. Сайн дэг журмын амин сүнс нь сайн төлөвлөлт. Нягт нямбай сайтар бодож, сайн төлөвлөвөл ажлынхаа хагасыг нь нугаллаа гэж бод.
Одоо хийчихэж болох зүйлийг дараа гэж хэзээ ч бүү хойш тавь. Хойш тавина гэдэг сэтгэлийн ов мэх болохоос өөр юу ч биш. Хойш тавьсан ажил дараа нь чамд амар хялбар байна гэж хэн хэлж байгаа юм бэ? Дараа нь амар хялбар болно гэж горьдохын ч хэрэггүй. Би боломжтой цагийг хүлээж байна гэж хээв нэг хэлж суугаа хүн өөрөө өөрийгөө хуурч, цаг нөхцөөж байгаа ядарсан аргатан. Тэр боломжтой цаг нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ ч үр ашиг багатай. Яагаад гэвэл алдсан цагийн хором тутмаар аливаа ажил үйлийн хэрэгцээ, ашиг тус хорогдоно.
Дэмий юм ярьж, цаг нөхцөөх хэрэг бүр ч байхгүй. Ялангуяа хов живнээс холхон байсан нь дээр. Өнөөдөр чамд бусдыг ховлож байгаа хүн маргааш чамайг бусдад ховлоно. Харин амьдралд хэрэгтэй тустай зүйл ярьж, зөвлөж байгаа ухаант хүний үгийг амтархан сонс. Чи түүний ярианы цэнгэг булгаас ангаа цангаагаа тайлж, ухаан далайгаас нь хувь хүртэнэ.
Өнгөрсөн үед тохиосон урьдын муу муухай дурсамжийг сөхөн ярихгүй байхыг хичээ. Уур уцаар, гомдол гуниг, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч авч ирэхгүй. Харин ч дуусч, дундаршгүй хэрүүлийн бузар тарьж, аниж байсан шархыг сэдрээж, даарин дээр нь давс үрэх болно. Уур хорсол уур хорслоо л үржүүлдэг. Энэ тойрогт эцэс мухар байхгүй. Тиймээс уур хорсол тээж явах хэрэгцээ шаардлага огт үгүй гэдгийг санаж яв. Хорссон хүмүүс, хүний биен дээгүүр дургүй хүргэн гүйж, зөвхөн шархтай газарт нь зогсдог ялаатай адил гэсэн тааламжтай бус зүйрлэлийг нэгэн нэрт зохиолч хэлсэн. Хорсолтой хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй юм. Ажилгүй зүгээр суух нь цаг заваа дэмий үрэхийн адгийн цаадах адаг билээ. “Ажилгүй зүгээр суух нь зөвхөн харанхуй бүдүүлэг байдлыг төрүүлээд зогсохгүй өвчин үүсгэх шалтгаан болдог” байна. Юу ч хийхгүй байхаас илүү хортой шаналгаа энэ ертөнцөд байхгүй юм гэсэн. Залуус та нар ийм хортой шаналгаагаар зовж шаналж суух учиргүй ээ. Зүгээр суусан хүний сэтгэл зэвэрч, оюун санаа нь хогийн хорт ургамалд идэгддэг. Зүгээр суугаад байвал тэнгэр бурхнаас заяасан гайхамшигт авьяас билэг ч асч байсан лаа шиг урсаж багассаар бөхөж, атаршина. Юу ч хийхгүй зүгээр сууж, дэмий холхин цагийг нөхцөөгсөд нэн удалгүй түүндээ дасал болж, гараа хөдөлгөж, тархиа ажиллуулахаас дургүй нь хүрч, залхуугийн намагт улам бүр гүн шигдэнэ. Улмаар өөрөө дүрсэн тэр хавхнаас хөлөө сугалахад бэрх болно.
Хийх ажилгүй амьдралд живж орхивол муу зуршилд идэгдэнэ. Хүний сайн чанаруудыг хөнөөгч муу зуршлууд олширчээ. Энэ муу зуршлуудад идэгдвэл хүн бүр муу муухай юм лавшруулан хийж эхэлнэ. Энэхүү муу зуршлыг архи хэмээх амьдралын дайсан тэргүүлж байна. Ер нь “архидалт бүх гажигийн эх” байдаг. Архидалт, гэмт хэрэг хоёр төрсөн ах дүүс. Төмөр сараалжин цонхтой архины мухлагаас өргөст торон хашаатай шоронгийн хаалга хүртэл өргөн дардан зам засаастай бэлэн байна. Олон золгүй явдлыг өдөөгч эх үүсвэрүүд архины тунгалаг шингэн өнгөнд ил харагдахгүй ч ад хорлолын хар бараан сүүдэр нь далд нуугдаастай отож байдаг юм. Эр нөхрийнх нь гудран уусан архи эхнэр, хүүхдийнх нь нулимс болон садран асгарна. Хар тамхины бөөн хар аюул хаалга тогшиж эхлэв. Хар тамхитай ямар нэг байдлаар холбогдсон хүн амь амьдралаа сонголтгүйгээр үрэн таран хийнэ. Тэдэнд ариун гэгээн юм гэж нэг ч үлддэггүй. Хуурна, залилана, хулгайлна, дээрэмдэнэ, мансуурна, донтоно. Бүх муу муухай үгний цуглуулга хар тамхичин дээр овоорч, эцэс сүүлдээ хайран биеэ хөнөөнө. Архинд хөлчүүрсэн хүнийг садар самууны зам хүзүүгээр нь оосорлосон дуулгавартай нохой адил хөтлөнө.
Тоглоом, наадгай хайран цагийг залгих шунаг сувдаг тулам юм. Тоглоомондоо улайрсан хүн цаг яаж өнгөрснийг ч тэр бүр мэддэггүй. Тоглож болно оо. Тэгэхдээ цаг хязгаартай байх ёстой. Энгийн цагаан тоглоомноос мөрийтэй хар тоглоом руу гулсвал тоглоом шоглоом болон хувирна. Мөрийтэй тоглоом зөв замаар өгсөж явсан хэчнээн олон сайхан хүнийг буруу зам руу түлхэж уруудуулсан билээ дээ. Мөрийтэй тоглоомноос болж амьдрал уруудан доройтсон гүнийг ч, учруулсан хохирлын өгсөж талийсан өндрийг ч хэмжих аргагүй. Сэтгэл санаанд учруулах хохирол нь уул, далай мэт. Архинд шунан донтож архаг архичин болдог бол тоглоомонд шунан донтож хорхойссон тоглоомчин болж мансуурна. Тэр ч бүү хэл өсвөр насны хүүхэд хүртэл шинэ цагийн тоглоомонд донтож, сэтгэл мэдрэл нь гажигтах болсон нь юутай их харуусал. Тоглоомны дон хүүхэд, залуус та нараас холын хол далд өнгөрөг. Зугаа цэнгэл, шалиа балианд зарсан өдөр хоног, цаг мөчийнхөө төлөө хожмын өдөр чи харамсан халаглана. Гэхдээ тэр үед бүх юм урсан өнгөрсөн байх вий. Урсаад өнгөрсөн голын усыг буцаан урсгаж болох биш. Хий харамсаж, өөрийгөө зүхэхээс цаашгүй.
Хүний амьдрал богинохон шүү. Хором хормоор хорогдох алтан цагийг хий дэмий юманд бүү үр!
No comments:
Post a Comment