Showing posts with label Боловсрол. Show all posts
Showing posts with label Боловсрол. Show all posts

Tuesday, January 10, 2012

Юун ардчилал вэ, Монголд зэрлэг капитализм л байна


Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор профессор Д.Батжаргалтай Монголын эдийн засагт үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцлаа.



-Шатахууны үнийн огцом өсөлтөөс болж Монголын эдийн засаг “шок”-нд орчихлоо. Бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтөөс хамаараад дээшээ хөөрөгдөж байна. Үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлэх болсон. Иргэд эдийн засагт хямрал нүүрлээд эхэлчихэв үү гэхээс айж байна. Энэ бүгд юунаас болоод байгааг эдийн засагч хүний хувьд та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Монголын эдийн засагт баримталж байгаа төрийн бодлого болохгүй, буруу явж байгаагийн шинж тэмдэг эцсийн шатандаа орж, түгшүүрийн харанга дэлдэх болсон нь энэ юм. Үнэ юунаас болж өсдөг вэ гэхээр олон шалтгаан байдаг. Хамгийн гол шалтгааны нэг бол эдийн засгийн эргэлтэд орж байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдээд эхлэхээр инфляци үүсдэг юм. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдсэн үед үнэ өсдөг. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, ховордоод эрэлт нь нэмэгдээд эхлэхээр бас үнийн өсөлт явагддаг. Манай эдийн засагт энэ хоёр шинж тэмдэгийн аль нь ч илрээгүй. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ илүүдсэн үү гэвэл үгүй. Бараа бүтээгдэхүүн ховордоод, эрэлт ихэссэн үү гэвэл бас л үгүй. Гэтэл үнийн өсөлт Монголын эдийн засагт байнгын явагдаж байна. Төв банкнаас мөнгөний бодлогоо чангатгаад, чангатгаад ч инфляцийн инерцийг хязгаарлаж дийлэхгүй байна шүү дээ. Шатахууны үнийн өсөлтийг би цаана маш том хар бизнес явагдаж байгаа юм биш биз гэж хардаж байгаа. Валютын үнийн өсөлт импортлогчдод зөвхөн шалтаг л болсон байх. Учир нь хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1500 төгрөгт хүрч байхад шатахууны үнэ 1200 төгрөг байсан шүү дээ.


-Тэгээд юунаас болоод Монголын эдийн засагт үнийн өсөлт, инфляцийн эрчимжилт явагдаад байгаа юм бол. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ ихэссэнээс болоод эрэлт нэмэгдэж, энэ нь үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэх үгийг албаны хүмүүс ярьдаг. Түүнд нь ч иргэд хэдийн итгэчихсэн байгаа?

-Хүмүүсийн цалин хөлсийг нэмнэ, сая сая төгрөг тараана. Зуун мянган айлын орон сууц бариад, зургаан хувь­тай зээлийн хүү гаргана гэсэн хү­лээл­тийг үүсгэчихээр бизнесменүүд чинь тэнэг хүн биш болохоор ца­лин нэмэгдэх юм чинь бараа бүтээг­дэхүүнийхээ үнийг өсгөхөд яадаг юм гэсэн ойлголт төрчихөж байгаа юм. Ер нь инфляцийн өсөлт хүмүүсийн хүлээтээс үүсдэг юм шүү дээ. Тэгээд л юмны үнэ өсөөд ирэнгүүт иргэд за, төгрөгийн ханш суларч магадгүй юм байна, мөнгөө хав дарж байснаас нэг юм худалдаад авчихья гээд худалдан авалт ихэсчихдэг, инфляци өсчихдөг. Инфляцийн өсөлтийг хязгаарлах гээд Монголбанк нь мөнгөний бодлогоо чан­гаруулах тусам инфляци улам л өсөөд байна. Төв банк бодлогын хүү­гээ нэмэнгүүт арилжааны банкууд зээ­лийн хүүгээ өсгөчихдөг. Өндөр хүү­тэй зээл авсан үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнэд үүнийгээ шин­гээ­чихдэг, үнэ дахиад л өсдөг. Ийм зохицуулалтаар явж байгаа тохиолдолд инфляци буурахгүй. Үүнээс гадна бас нэг асуудал байна. Үнэ өснө гэдэг бизнесийнхний өөрсдийнх ньтараасан цуурхал байж болох. Ийм цуурхалаар үнийн хөөрөгдөл үүсгээд чамгүй ашиг халаасалж байсан тохиолдол дэлхийн эдийн засагт олон бий. Адаглаад л барилгынхан борлогдохгүй байгаа орон сууцаа зарахын тулд орон сууцны үнэ өснө гээд л худлаа шум дэгдээгээд, үүнд нь олон нийт итгээд ирэнгүүт байрныхаа үнийг нэмчихдэг, иргэдийг авахаас аргагүй байдал оруулдаг арга заль хэрэглэсэн байж болно шүү дээ. Энэ мэтийг төр шалгаж, бодит бас бодит бус үнийн өсөлтийг тогтоох ёстой юм.

-Монголбанкнаас баримталж бай­гаа мөнгөний бодлого буруу байна гэ­сэн үг үү? -Монголбанкнаас инфляцитай дайтдаг ганц арга нь мөнгөний хатуу бодлого. Зээлээр дамжиж банкнаас гарч байгаа мөнгөний хэмжээг саармагжуулах гэсэн нэг арга л даа. Гэхдээ энэ аргаар инфляцийг хязгаарлаж чадахгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Монгол шиг өндөр хүүтэй зээл дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Гэтэл тийм өндөр зээл авах хөрөнгөтэй хүн Монголд бас хэр олон бэ гэдэг ч нэг бодох л асуудал. Банкнаас өндөр хүүтэй зээл гарах тусмаа эргээд үнийг хөөрөгдөж байна. Үүний учир шалтгааныг Монголбанк олоод, түүнийгээ хэрэгжүүлэх цаг болсон байх. Ер нь Монголын зах зээл чөлөөт өрсөлдөөний зарчимаар явагдахад дэндүү жижигдэнэ. Цөөн тооны нийлүүлэгчтэй, цөөн тооны үйлдвэрлэгчтэй, цөөн импортлогчтой, тэр нь хоорондоо ярьж тохиролцоод нэг өдөр үнэ тарифаа өсгөчихдөг зах зээлтэй учраас төр хяналт тавьдаг, үнэ нэмэх бууруулах асуудалд оролцдог байх шаардлагатай юм. Тэгэхгүйгээр монополиуд нь ярьж хөөрөөд монополь ашиг олоод хөлжөөд байдаг, нөгөө талд масс улам ядуураад үнэд сөхрөөд байдаг. Үүнийг л төр бодлогоор зохицуулах шаардлагатай болжээ л гэж хэлмээр байна. Уг нь Засгийн газар бэлэн мөнгө амлах бус, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхдээ биш үнийн тогтвортой байлгах, үүнд хяналт тавьж ажиллах шаардлагатай байгаа юм.

-Валютын үнийн өсөлт ша­тахуун импортлогчдод зөвхөн шал­таг л болсон байж болох юм. Гэ­тэл валютын ханш яагаад гэнэт чан­гарчихав. Өнгөрсөн онд Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ гээд байсан нь худлаа байв уу?

-Засгийн газар, улстөрчид “Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж байна. Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийнхөө гараанд гарлаа” гээд л сүржин мэдэгдэл хийсний балгаар валютын ханш өсчихлөө гэж би дүгнэж байгаа. Яагаад вэ гэвэл эдийн засгийн өсөлт 20 хувь байна гэдэг гадаадаас Монгол руу урсах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг маань дотогшлох валютын урсгал ихэссэн гэж ойлгож болно. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээд, валютын урсгал өсөөд байхад ханш нь чангараад байдаг. Энэ бүхэн Засгийн газрын бахархаад байсан, том сүржин үгээр мэдэгдээд байсан эдийн засгийн өсөлтийнх нь сөрөг үр дагавар. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ гэсэн айхтар мэдэгдэл нь бизнесийнхний санаанд нэг юм хийчихэж байгаа юм. Гадаадаас их хөрөнгө орж ирэх юм байна. Энэ дундаас хөөрхөн ашиг унагая гэсэн бодол төрүүлчихэж байгаа хэрэг.


-Валютын ханшийн өсөлтөд Монголбанк буруутай гэх байр суурь илэрхийлэх хүмүүс цөөнгүй байгаа. Тэд түр зуурын үзэгдэл гэж олон нийтийг багагүй тайвшруулсан. Гэтэл байдал бишдээд ирэнгүүт интервенц хийлээ энэ тэр гэж худлаа жүжиг тавьлаа гээд иргэд бухимдаж байгаа. Ченжүүд хүртэл Монголбанк цагаа олсон арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгасан шүү дээ?

-Монголбанкны алдаа байсан уу гэвэл байсан. Ам.долларын ханш өсөөд ирэнгүүт Монголбанк маш хурдан арга хэмжээ авах ёстой байсан юм. Тэгээд энэ талаараа сайн тайлбарлах, иргэдэд маш сайн ойлголт өгөх ёстой байсан. Гэтэл төв банк яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, эсвэл худлаа тайвшруулах тариа хийсэн болоод асуудлыг дэврээчихсэн хэрэг. 1997 онд Зүүн өмнөд Азийг нөмөрсөн эдийн засгийн хямралболсон юм. Тэр хямралд хамгийн хүнд цохилтын Тайланд авсан байдаг юм. Тухайн үед Тайландын Ерөнхий сайд энэ хямралд Жорж Сорсыг буруутгасан байдаг. Хувьцааны ханш унагасан, цуу яриа дэгдээсэн гээд л. Валютын ханшийн өсөлтийг зориудын, урьдчилж бэлтгэсэн, маш их ашиг унагасан асуудал байв уу гэж хардаж байгаа. Магадгүй гадны нөлөө ч орсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь Монголд ам.долларын хангалттай нөөц байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна гэдэг валютын урсгал өссөөр байгаагийн илрэл. Ийм байхад яагаад валютын ханш унав аа гэсэн асуудал гарна даа. Уг нь үүнийг Монголбанкныхан, гааль, татвар, таг­нуул, цагдаагийнхан бас нөгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтраад шалгах хэрэгтэй байгаа юм. Нэг гартаа дүүрэн доллартай цүнх, нөгөө гартаа дүүрэн төгрөг барьчихаад Монголын валютын хар зах дээр тоглолт хийж, зориудаар үнийг өсгөсөн нөхөр биднийг шоолоод, арчаагүйг минь гайхаад сууж байгаа ч юм билүү. Үүнийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Эдийн засгийн асуудал чинь эргээдулсорны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм. Эдийн засгийг нь тогтворгүй байлгах, ард иргэдийг нь ядуу байлгах, үүний тулд зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэсэн ч юм уу, хэн мэдэх вэ. Гадаадын мөнгөтэй гарууд Монголд орж ирсэн үү, ам.долларын ханшийн өсөлт юунаас болов гэдгийг нь Монголбанкныхан, гааль, татвар, тагнуул, цагдаагийнхан бас нөгөө Шу­дар­га өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамраад заавал олж тогтоох ёстой. Ард түмэнд шалтгааныг ньтайлбарлах хэрэгтэй байна. Гэтэл Монголбанк валютын ханш юунаас болоод өсөв гэдгийг ч тайлбарлаж чадахгүй байна шүү дээ. Энэ буруу. Яахав шинэ жил, цагаан сараас өмнө валютын ханшид бага зэргийн хэлбэлзэл ордог. Гэхдээ өнөөдрийнх шиг огцом өсөлт ажиглагдахгүй л болов уу.


-Хар зах зээлд хар мөнгө угаасан байж болзошгүй гэж та хардаад байгаа юм аа даа?

-Үүнийг үгүйсгэх нотолгоо байхгүй шүү дээ. Ийм байхыг хэн үгүйсгэх юм. Орос, Хятадын олигархиуд орж ирээд төрийнх нь дэргэд ард түмний халаасыг нь сэгсэрч аваад гараад явчихаж байгаа ч юм билүү. Нөгөө талаар манай хуримтлал ихтэй бизнесменүүд ам.долларын зөрүүнээс ашиг унагаад ард түмнээ шулаад сууж байгаа юм бил үү хэн мэдэх вэ. Үүнийг л харин холбогдох байгууллагууд нь шалгах хэрэгтэй гээд байгаа юм. Тэгээд ч өнөөдөр дэлхий дээр байгаа баялаг хүн төрөлхтний арав хүрэхгүй хувийнх нь халаасанд байгаа гэдэг биз дээ. Манай Монголд ч ялгаагүй. Монголын баялаг цөөхөн гэр бүлийн мэдэл байгаа гэсэн мэдээлэл байдаг юм байна лээ. Ер нь аливаа үнийн хөөрөгдөл, шатахууны өсөлт, валютын ханшийн өсөлт орлого багатай, хуримтлалгүй хүмүүст хамгийн хүнд тусдаг. Тэр нь эхнээсээ мэдрэгдэж байна.

-Монголбанкныхан ам.долларын ханшийг 1500 хүрэхээр нь буулгах арга хэмжээ авна гээд л ярьж байсан. Уг нь 1500 төгрөгт хүрэхээр нь биш хүрэхээс нь өмнө арга хэмжээ авах ёстой байсан байх. Ингэхэд ам.долларын ханш буух болов уу?


-Монголбанк үнэндээ мэдээллээр дутагдсан. Мэдээлэлгүй сууж байсан нь тэднийг буруутгах шалтгаан болсон. Уг нь төв банк хар зах зээлд болж буй үйл явдалд хяналттавьж чаддаг, тэнд яригдаж байгаа, болох гэж байгаа бүхнийг бүгдийг нь мэддэг, мэдээлэл сайтай байх ёстой. Ченжүүд юу ярьж байна, тэд яах гээд байгаа талаар урьдчилсан мэдээлэлтэй, түүнээс нь өрсч арга хэмжээ авдаг байх нь Монголбанкны нэг гол үүрэг. Гэтэл тэд нь ямар ч мэдээлэлгүй, харин Монголбанк ямар арга хэмжээ авах гээд байгааг нь төр ямар шийдвэр гаргах гэж буйг нь харин хар зах дээр байгаа ченжүүд аль хэдийн олоод харчихсан, төрийн агентлаг, яам, газруудаас өмнө өрсөөд өөрсдийнхөө тоглолтыг хийж байна. Гадаадынхан манай төрийн бодлого яах гэж байгааг нь олоод сонсчихож байна. Үнэхээр энэ удаад Монголбанк олигтойхон арга хэмжээ авч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ. Монголбанк зах зээлд нийлүүлж байгаа долларын хэмжээгээ хумингуут л гадаад дотоодын ченжүүд түүнээс өрсөөд монголчуудыг халаасыг сэгсэрчихлээ шүү дээ. Бүр төрийнх нь өмнө, төрийнх нь арчаагүй, улстөржсөн байдлыг далимдуулаад.


-Үнийн өсөлтийг төрөөс хэрхэн зохицуулах хэрэгтэй бол. Засгийн газар нь бэлэн мөнгө тараагаад, үүнээс болоод төв банк нь мөнгөний бодлогоо чангатгаад л. Сөрж давхиж байгаа хоёр бодлогын золиос нь олон нийт болоод байна шүү дээ?

-Төрийн бодлого нэгдмэл байж л асуудал зохицуулагдана. Тиймээс л валютын ханшийн өсөлтийг гааль, цагдаа тагнууд, татвар, банк хамтраад олох ёстой гээд байгаа хэрэг. Тэгэхгүйгээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх юм бол Монголын эдийн засаг хүссэн хүсээгүй хямрана. Өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ихэнх нь импортоор орж ирдэг манай улсын эдийн засагт гал авалцуулья гэвэл өнөөдрийн шиг шатахуун, валютын ханшийг л өсгөчихөд хангалттай. Дээрээс нь Засгийн газар өгөөмөр, өглөгч зангаа татах хэрэгтэй. Төсвийн алдагдал их байна гэдэг үнэ өсөхийн нэг шалтгаан. Тиймээс л Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгөөө тараахаа зогсоох ёстой. Нэг статистик судалгаа байна лээ. 21 мянган төгрөг тараахаас өмнө Монголын ядуурал 33 хувьтай байсан бол өнгөрсөн оны сүүлээр 39 хувьд хүрсэн талаар. Бэлэн мөнгө тараалаа гээд өрхийн амьдрал сайжрах л байсан бол өдийд ядуурал нэмэгдэх биш буурах байсан юм. Энэ статистик мэдээ хамтарсан Засгийн газрын ажлын нэг үзүүлэлт ч байж болох талтай. Үнэндээ Монголбанк, Засгийн газраас баримталж буй бодлого нь инфляцийг сугадаж аваад дээшээ хөөрөгчихөж байгаа үйлдэл. Инфляцийг юу гэж нэрлэдгийг мэдэх үү. Засгийн газар нь иргэдийнхээ халаасыг суйлах үзэгдэл гэж нэрлэдэг юм шүү дээ. Ер нь Монгол Улсад үнэ ханш, тарифад хяналт тавьдаг институт байгуулах цаг нь болсон бололтой. Энэ янзаараа яваад байваласуудал улам л хурцадна.


-Ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байдаг шүү дээ. Тэд уг нь бодит ба бодит бус үнийн өсөлтийг шалгах, хяналт тавих ёстой. Харамсалтай нь өнөөдөр тус газар амаа нээх нь байтугай, хамраараа утаа гаргахгүй таг чиг л байх юм. Заримдаа ч хэрэглэгчийн төлөө газар мөн эсэх нь эргэлзээтэй л санагддаг юм?

-Зайлуул даа. Тэдний шалгаад, хяналт тавиад гийгүүлнэ гэж юу байх вэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр биш аль өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрөөс өмнө импортлогчид шатахууны үнийг нэ­мэх нь гэсэн мэдээлэл авчихсан, тэр чиглэлээр хяналт шалтгалт хийгээд тооцоо судалгаа явуулчихсан сууж байх байлаа. Даанч нэгдүгээрт, эрх нь хүрдэггүй юм шиг байна. Хоёрдугаарт монополиудыг хуйвалдсан эсэхийг нь тогтоож чадах туршлагатай, мэргэ­жилтэй аудитор байхгүй юм шиг бай­на. Засгийн газар тэдний эрхийг баталгаажуулаад, хэнээс ч хараат бус ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийнхаа аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд маш сайн судалгаатай, мэдээлэл баймаар санагддаг. Тэр судалгаа, мэдээлэл улстөржилтөөс хол байх шаардлагатай. Хятад үнэ ханшийн асуудалд маш сайн хяналт тавьж чаддаг.Үнэндээ үнийн өсөлт гэдэг ганцхан манайд л байгаа юм биш шүү дээ. Дэлхийн улс орон тулгардаг, тэд төрийн бодлогоор зохицуулсан байдаг юм. Үнэ ханш, тарифад хяналт тавьдаг институт эрх мэдэлтэй, шударга бусаар үнээ нэмсэн тохиолдолд бизнесийнхэнтэй хариуцлага тооцдог байх ёстой.Шатахуун импортлогчид шатахууны үнийг нэмснээр хэвийн ашиг олж байна уу, эсвэл монополь ашиг олж байна уу гэдгийг тогтоож, монополь ашиг олсон тохиолдол олсон бүх ашгийг нь хурааж авдаг механизм бий болгомоор байна. Дэлхий дахинд үнийн өсөлтөөр далимдуулан үлэмж их ашиг ологсодтойтэмцэхээр Клейтоны Трестийн эсрэг хууль хүртэл батлагдсан байдаг юм. Өнөөдрийн болж буй үйл явдлыг ажиглахаар Монголд зэрлэг капитализм явагдаж байна. Юун ардчилал энэ тэр вэ.


-Монголын эдийн засгийн өсөлт 2010 онд зургаан хувь байсан бол өнгөрсөн онд 20 хувьд хүрсэн. Гэтэл энэ өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөөлөл үзүүлж чадахгүй л байна. Үнэ өсөөд, иргэдийн амьдрал улам л туйлдаад байна шүү дээ?

-Засгийн газар гаднаас орж ирсэн мөнгийг дэмий цацах хэрэггүй байсан юм. Энэ мөнгийг дэд бүтэц, бүтээн бай­гуулалт, үйлдвэрлэлд шингээсэн бол өнөөдрийнх шиг үнийн өсөлт нүүр­лэхгүй байсан. Хэтэрхий их халамж буй болгоод хүмүүсийн хийж бүтээх эр­мэлз­лэлийг үгүй хийгээд байна шүүдээ. Дээрээс нь хэлэхэд эдийн засгийн энэ өсөлт ерөнхийдөө уул уурхайн салбар дээр л тогтож байгаа. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн 20 хувийн гуравны нэг нь нүүрсний экспортоос бүрдсэн. Уул уурхайн салбар хэмээн хэн хүнгүй хошуураад дэмийрлийн бай­далд орчихсон л доо. Уул уур­хайг биш мал аж ахуйн гаралтай бүтээг­дэхүүнээ боловсруулаад, үйлдвэрлэл явуу­лахад нүүрс, зэс зарснаас хамаа­гүй их ашиг олох юм байгаа ш тээ. За тэгээд, байгалийн газар дээрх урга­мал ногоогоороо ч би мөнгө олох боломжтой. Харамсалтай нь уул уурхай гэсээр байгалийн доорх нь устаад, дээрх нь устаад Монгол ухсан нүхээр дүүрэх нь. Монгол орны урд хэсэг үнэхээр аймаар болсон байна лээ. Сэтгэл шимширмээр.


-Үнийн өсөлт хэзээ буурах бол. Энэ асуудал надад, танд, энгийн иргэ­дэд хамаатай болохоор асууж байна?

-Үнийн өсөлтийг буулгахад нэлээд ажиллагаа орох байх. Ер нь Монголын эдийн засаг “чөтгөрийн тойрог”-т ороход ойрхон болсон байна. Тиймээс эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Өнөөдрийн баримталж байгаа бодлогоо тэр чигээр нь өөрчлөмөөр байна. Халамжаа зогсоомоор байна. Хяналт тавьдаг баймаар байна. Юм хийх хүсэлтэй, ажиллах сонирхолтой, улс орноо хөгжүүлэх сэтгэлтэй хүмүүст зээл олгомоор байна. Тэгэхгүйгээр өнөөд­рийнх шиг явбал уул уурхайн ха­раалд идэгдэнэ. Эхнээсээ ч идэгдэж байна даа. Люмпинпролетариудыг тэ­жээх ямар хэрэгтэй байгаа юм бэ. Тусгаар тогтнолын 100 жилийн ой­гоор Ерөнхийлөгч баян Монголын ир­гэн ядуу байна гэсэн. Тэр үнэн. Ерөн­хийлөгч хэд хэдэн санаа дэвшүүлсэн шүү дээ. Тэрнийг л хэрэгжүүлмээр байна. Ерөнхийлөгчийн санаалчилсан олон ажлыг хурдан хэрэгжүүлмээр байна. Яг үнэндээ үнийн өсөлтийг хэн зохион байгуулаад байгаа манай төр сайн мэдэж байгаа. Хэлэхийг л хүсэхгүй байгаа болохоос биш. Бохир бизнес хийж байгаа хүмүүс төрөөс гараагүй цагт эдийн засагт зөв бодлого хэрэгжихгүй л дээ.


-Тэр хүмүүс нь хэн гэж?

-Төрөөс төрсөн тэрбумтнууд. Хууль бусаар төрийн хөрөнгийн өөртөө шингээсэн нөхдүүд. Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгэм байгуулаад байна л гэнэ. Гэтэл бодит байдал дээр зэрлэг капитализм байгуулж байна. Үүний дараа юу болно гээч. -Юу гэж?

-Имперлизм байгуулна. Монгол нэг хэсэг нь баян, нөгөө талд ихэнх хэсэг нь ядуу гэсэн хоёр ангилалд хуваагдана. Эцэст нь хувьсгал гарна. Ийм л байна.

Friday, September 3, 2010

Дурсахын учир


Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.
Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагын удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн.
Харин Айн-Жалудад монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евпрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан юм.
Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.
Юутай ч Хит Бухийн арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ.


Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу.
Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч ч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.
Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх.
Ийнхүү нэг түм орчим монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Буха ноёныхоо тугын дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав
1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад эрхгүй хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт мөнгөний зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан Лалын ертөнцийн хар дарсан зүүд болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ.
Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ Тугынхаа жанжин Хит Бухаг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна.
Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаст тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ.
Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв.
Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Түүхийн хүрдийг өөр тийш нь эргүүлсэн увиагүй Баронуудын урвалга
Хит Буха ноёнтон өнөөгийн Изриалын зүүн хэсэгт орших Баалбек хотод буудаллаад байлаа. Ойрхи Дорнод, Бага Азийн христ шүтлэгт хаад, темплиер баронууд, хүссэн ч, эс хүссэн ч монголчуудын холбоотон болов. Учир нь тэдний дайсан нь Лалын ертөнц. Загалмайтнууд дөрвөн ч удаагийн аян дайнаараа, бүхэл европ даяараа хөтлөөд ч Ариун газраа чөлөөлж авч хүч хүрсэнгүй, харин Хүлэгийн довтолгоон нь тэдэнд шинэ найдварын наран болж байсныг дээр дурдсан. Арабуудын хувьд Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Трифол орчимд бэхэжсэн Загалмайтнуудын түшиц газрыг ховх цохихоор байдгаараа чардайж байсан цаг.
Хит Буха ноёны дүр төрх ер бусын эрхэмсэг бардмаар төсөөлөгддөг юм. Эртний язгуур сурвалжит Армений ван Хетум болон Антиохын ван VI Бехоменд нараар бараа бологчоо хийж эртний Дамаск хотын гол хаалгаар хүндтэй залран орж яваа ихэмсэг Хит Буха ноён, Газаас олзлогдож ирсэн, алдар цуут Саладины ач ан-Насир Юсуф султаныг өмнөө сөхрүүлчихээд орон нутгийн Загалмайн шашинт баронуудыг хүндэтгэн барьж өгсөн нүсэр том сэрүүн асарт тухлан суугаа сүрлэг Хит Буха… Гэтэл Хит Буха ноён бол Хүлэг хааны олон түмтийн ноёдын л нэг нь байсан. Харин Хүлэг хаан бол Монголын Их эзэнт гүрний зөвхөн нэг жигүүрийн эзэн байсан билээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын Их эзэнт гүрний сүр хүчинг зөвхөн их далай, уудам огторгуйтай л эгнэж зүйрлэн байсан нь, монголчуудын эсрэг сөрөх нь үхэх хулгана муурын сахлаар оролдож буйтай ялгаагүй мэт төсөөлөгдөж байсан нь ч аргагүй юм. Энэ үе бол Монголын эзэнт гүрэн аль хэдийнэ дээд оргил цэгтээ хүрч, эцсийн эрчиндээ орчихоод байсан үе ажээ.
Аливаа түүхэн эргэлтэнд санамсаргүй мэт, тун ч ялимгүй мэт үйлдэл гол оньс болон түүхийн хүрдийг эсрэг зүгт хөдөлгөчихдөг тохиолдол бий аж. Учир юун гэвээс, Сидоныг “Урт хөлт” Жульен хэмээх франк эр захирч байжээ. Ер тухайн үеийн Европын баронууд балмад түрэмгийгээрээ, дураараа дургидгаараа зард гарсан, Жульен ч тэднээс огтхон ч дутахааргүй байж.
Монголчуудын очсон газар бүр дэг журамд орж, аливаа дураар үйлдэх явдал хантайрагдан хазаарлагддаг байсан тэр л жаягын дагуу Сири, Палестинд монголчууд орсны дараа тэнд шинэ дэг журам бий болж, өнөөх цадиггүй баронууд дураар дургиж чадахгүйд хүрчээ.
Нэгэн өглөө Хит Буха ноёнтон итгэмээргүй тун хачирхалтай мэдээ хүлээж авчээ. Нөгөөх холбоотон баронууд нь Хит Бухын цэргийн нөөц агтны цэргийг алаад, туугаад явчихаж.., дээрэмдчихэж гэнэ. Урьд өмнө монголчуудад дайсан хаяанд байхад холбоотныхоо цэргийн агт руу хуруу дүрж байсан ийм хөгийн явдал огтоос тохиолдож байсангүй. Итгэхэд нэн бэрхтэй. Хамгийн адгийн урвагчид л ингэх биз. Гэтэл тухайн нөхцөлд урвана гэдэг зүгээр л сүйрэл рүү өөрөө гүйгээд очиж буйгаас ялгаагүй байж. Монголчуудаас урваж боллоо гэхэд Мамлюкуудаас өршөөгдөхгүй нь нэн ойлгомжтой. Хит Буха ноёнтон энэ явдалд итгэсэнгүй. Тэгээд ач хүүгээ 200 цэрэг дагуулан Жульенд том эндүүрэл болсныг хэлж, агт морьдоо буцааж авхуулахаар Сидоны зүг илгээжээ. Харин Жульен бол хулгайлах гэж хулгайлсан, дээрэмдэх гэж дээрэмдсэн тул “Өө, уучлаарай, энэ агт монголчуудынх байсан юм уу” хэмээн юу ч гэж хэлэх билээ. Хулгайч хүн хулгай хийхгүй бол санаа амарч тайвшран нойрсож чаддаггүй шиг л рефлексдээ хөтлөгдөөд хусчихсан юм чинь.
Ичсэн хүн хүн ална гэгчээр “Урт хөлт” Жульен Хит Бухын ач хүүг /зарим түүхчид хүү гэсэн бий/ дагалдагсадын хамт нударч орхиод хулгайлсан агтаа далайн эрэг дагуулан Акра руу хөөлгөчихжээ. Үнэ хүргэх гэж тэр. Гэхдээ хэнд гээч… Өөрсдийнх нь мөнхийн дайсан Мамлюкүүдэд. Тэдэнтэй Акра болон Турийн баронууд ч хуйвалдсан байна. Янхан мөнгөө авч л байвал хэнтэй, хэзээ, хаана гэдэг нь хамаагүй гэдэг шиг хулгайч хүнд бол үнэ хүрч л байвал хэнд, хэзээ, хаана зарсан нь хамаагүй билээ.
Монголчуудын хувьд байж боломгүй мэт энэ явдалд гэлмэн цочирдсон Хит Буха ихэд хилэгнэн ноёнтон цэргээ авч Сидоныг бүслэн байлдав. Хэдийгээр “Урт хөлт” Жульен балмад, журамгүй эр ч бас эрэлхэг рыцарь байж. Хотоо сүрхий хамгаалж, эцэст нь ойр дотныхноо авах усан онгоцонд суун Киприйн зүг зугтжээ. Монголчуудад тухайн үед усан онгоц байсангүй тул араас нь мөшгиж чадсангүй, харин Сидоныг нь эвдлэн сүйтгэж, галдан шатааж орхижээ.
Ойрхи Дорнод дахь Христын шашны нэгэн тулгуур болж асан Сидоны үнс Акра хийгээд Турын баронуудад таалагдсангүй.

Мамлюк-түрэгүүдийн эцсийн эрс шийдвэр
Энэ үед Хүлэг хааны ихэмсэг бардам үгтэй захидал хүлээн авсан Мисир орон үймэн сандралдаж байв. Хүлэг хаан тэрхүү захидалдаа “Дээд тэнгэрийн зарлигаар Монголчууд хүрэлцэн ирлээ. Биднийг сөрсөн бүхнийг няц дарна, та бүхэнд биднийг эсэргүүцээд үхэх, эсвэл бууж өгөх хоёрхон зам бий. Зугтан зайлах зам байхгүй, учир нь Тэнгэрээс тэгэж заасан юм” гэжээ. Мөн боол байгаад эзнээ алж, урвалгаар их суудалд хүрсэн султан Күтүзыг мамлюк-боол гаралтайг нь дурдаж, боол учир эзнийхээ өмнө бушуу хурдан нүглээ наминчлахыг тушаасан байна.
Күтүзын цэргийн зөвлөл бүтэн долоо хоног хуралдаж, бууж өгөх, сөрөн босох эсэх дээр санал зөрөн удтал маргалджээ. Өөрийгөө ялагдан сүйрсэн Хорезм шахын угсааны хүн гэж тооцдог Күтүз болон монголчуудад өмнө нь олзлогдож, бас цэрэгт нь алба хааж байгаад Ливант руу боол болон зарагдаж, түмэн бэрхийг туулж байсан Бибарс нар тулалдаад үхье гэдэг дээр тууштай байсан байна. Эцэст нь Сирийн зарим хотууд бууж өгсний дараа ч монголчуудын өршөөл энэрлийг аваагүй, хядагдсан гашуун түүх тэднийг нэгэнт л үхэхээс хойш бууж өгч алуулснаас сэлмээ бариад тэмцэж байгаад алуулсан нь дээр юм гэсэн шийдвэрт хүргэжээ.
Монголчуудтай тулалдая гэсэн шийдвэрт хүргэхэд Акрагийн рыцариудын илгээсэн элчийн мэдээ ч нөлөөлсөн биз. Монголчуудын дэглэмд дургүйцэж, бас ч дээр нь Жульен цохигдож, Загалмайн Сидон хот унасанд хорссон тэдгээр баронуудын элч Күтүзэд “Христийн үнэнч зарц нар монголчуудтай тулалдахад, та бүхэнтэй хамсахад бэлэн” гэсэн утгатай үг авч очжээ. Олзоо булаалдан хэмлэлдэх чоно, цөөвөр хоёр шинэ ирсэн барнаас олзоо харамлан хамтарч буй шиг л юм болж.
Мамлюкуудын олонхи нь кипчак, түрэг угсаатай, цус халуун, оргилуун, дайнч шийдмэг эрчүүд байв. Тэр ч бүү хэл тэдний дотор Алтан ордны улсаас янз бүрийн шалтгаанаар дүрвэж очсон язгуурын монголчууд ч байлцсан гэдэг. Мисирийн хамгийн сүүлчийн Айюубидийн хатан нь ч мөн монгол-түрэг гарвалтай Шаграт гэгч байсан аж.
Ингээд Күтүз Сири, Палестинаас монголчуудын цохилтоос зугтаж ирсэн цэргүүдээр үндсэн хүчээ зузаатгаад монголчуудыг эх нутаг дээрээ биш өмнөөс нь тосч тулахаар Киараас хөдөлжээ. Синайн цөлийг туулж, Газ руу орж ирэхэд тэнд Байдар ноёны удирдсан Хит Бухын толгойн сэргийлэх анги хүлээж байв. Даанчиг цөөхүүлээ байсан Байдарын цэргийг хоромхон зуур нөмрөн авч цохин, цөөхөн ч болсон монголыг ялсандаа мамлюкуудын дайны урам зориг нь бага ч атугай сэргэжээ.
Баалбект байсан Хит Буха ноён мамлюк-түрэгүүд Синайн цөлийг гатлан Газад орж ирж буй мэдээг Байдараас хүлээн аваад цэргээ жагсаан яаравчлан тосчээ. Тэрбээр Назарет хүрч, тэндээсээ тунгалаг булаг урссан, агт морины бэлчээр сайтай Айн-Жалудыг сонгон авч мамлюкуудыг тэнд тосон цохихоор хүлээв.
Хит Буха ноён Газын баруун эрэг мамлюкуудтай ясны дайсагнагч христийн рыцариудын эзэмшилд буй тул Күтүз яагаад ч баруун эргээд явахгүй, тэд зөвхөн Синайн цөлийг халз туулах ба цөлийн захад байх энэхүү ус, бэлчээртэй газрыг зорих болно, цөлийг туулж, агт морьд нь сульдсан байна гэж тооцоолжээ. Өөр хэн ч байсан ингэж л тооцох болно. Агт морины туулах чадвар гэдэг цэрэг армийн хувь заяаг голлон шийдэж байсан үе билээ. Тэрхүү Айн-Жалуд нь Монголын морьт армийн хувьд цэргээ дэлхэн байрлуулж байлдахад зүүн жигүүрийг нь уулс хамгаалж, баруун болон төв хэсгээрээ намхан толгодтой нь янз бүрийн маневр хийхэд нэн тохиромжтой газар байжээ.
Харин энэ завсар Күтүзтэй Акрагийн рыцарууд холбоо барьж, тэднийг Акрагийн цайзынхаа дэргэд тосч, цэрэг армийг нь амрааж, жанжид, султануудыг нь цайлж дайлаад зогсохгүй мөнөөх дээрэмдсэн Хит Бухын цэргийн нөөц агтыг өндөр үнээр худалджээ. Тэгээд зогсохгүй хэрвээ монголчуудыг ялсан тохиолдолд тэдний агтыг эргүүлээд хямд үнээр худалдаж авах яриа хэлцээ ч хийсэн гэдэг.
Ийнхүү монголчуудын хувьд огтхон ч төсөөлөөгүй үйл явдал болов. Хит Буха ноён рыцарь баронуудыг олзны төлөө холбоотныхоо морийг хулгайлж, дээрэмдэж болдгыг чүү ай гэж нэг ухаарсан ч харин өчүүхэн олзны төлөө дайсантайгаа нэг өвөр түрийнд орж, холбоотныхоо араас хутга шаадаг гэж огтхон ч төсөөлөөгүй, ерөөс монголчуудын хувьд тийм увиагүй урвалга санаанд нь ч багтахгүй байсан нь түүхэн үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Акра, Турийн баронуудын энэхүү урвалгыг увиагүй шинжийг Л.Гумилев ихэд эгдүүцэн бичсэн нь бий.
Ингээд агт морьдоо сэлбэж, хоол хүнсээ базааж, сэргэж авсан мамлюкуудыг Айн-Жалудад ирэхэд Хит Буха ноён нөөц агтгүйн дээр Баалбекаас багагүй хол аян туулж ирээд цэрэг агтаа хангалттай амрааж ч амжаагүй байжээ.

Амь өрссөн тулаан
Тулалдаан 1260 оны 9 дүгээр сарын 3-ны үүрээр эхэлжээ.
Зарим түүхчид эхэлж Күтүз монголчуудтай тулж, ихэд цохигдон ухарсан ба Бибарс цэргээ аван отоонд байсан газар луу монголчуудыг дагуулж очсон, ингээд монголчуудыг хоёр талаас нь бүсэлж ялсан гэдэг. Ази, Европод Монголчуудын олонтаа хэрэглэж байсан, тухайлбал 1217 онд Зэв ноён Ферганд Хорезмийн шахын эсрэг, 1221 онд Зэв, Сүбээдэй хоёр Кура голд Гүржийн рыцариудын эсрэг, 1223 онд Кальк голын хөвөөнд Оросын вангуудын нэгдсэн армийн эсрэг, 1241 онд Лигницэд Байдар, Хадаан нар II Хенри вангийн удирдсан европын нэгдсэн арми, Шйао голын эрэгт Сүбээдэй, Батхаан нар Унгарын VI Бела вангийн эсрэг амжилттай хэрэглэсэн отон байлдааны уламжлалт аргыг мамлюк-түрэгүүд монголчуудын өөрсдийнх нь эсрэг анх удаа амжилттай хэрэглэсэн гэж үздэг байна.
Бүтэн жарны турш Ази-Европыг донсолгосон монголын морьт цэргийн тактикийг энэ зуур дайснууд нь хангалттай судалж мэдсэн нь тодорхойн дээр монголын армид алба хааж байсан авьяаслаг Бибарс жанжин уг аргыг монголчуудаас маш сайн суралцсан байх тал бий.
Харин Изриалын түүхч Рювен Амитай анхлан Бибарс Монголчуудтай тулсан гэжээ. Юутай ч хүчний харьцаа багадаа хоёр, ихдээ 10 дахин их зөрөөтэй байсан ч урьд өмнө ялагдал гээчийг огтхон ч амсаж үзээгүй, ялагдлын тухай ойлголт ч байхгүй монголчууд өөрсөддөө даан чиг их итгэлтэй байж. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын аян дайны түүхэнд монголчууд ямагт өөрсдөөсөө илүү хүчтэй, зарим тохиолдолд бүр хэд дахин их хүчтэй дайсантай тулалдаж, ямагт ялж дийлж ирсэн тул Хит Буха болон монгол дайчдын хувьд мамлюк-түрэгүүдийн цэргийн тоо нэг их сонин байгаагүй нь лавтай.
Ингээд Монгол дайчдын гань галзуу довтолгоон эхэлж, эхэндээ Бибарс бараг олзлогдох шахжээ. Монголчуудын баруун жигүүрийн цэрэг мамлюкүүдийн зүүн жигүүрийн хумин цохиж, тэднийг зугтахад хүргэжээ. Күтүз, Бибарс хоёр ихээхэн чармайлт гарган байж задарсан цэргийнхээ жагсаалыг дахин цэгцэлж эргэн сөрөг дайралт хийсэн боловч монголчуудын мохошгүй зориг тэдний сөрөг дайралтыг няцаан, дахин довтолсноор мамлюкүүдын хувьд ялагдал тун ойрхон иржээ. Гэвч сунжирсан энэ тулалдаануудад сэлбэх хүчгүй болсон монгол цэргийн агт морьд сульдаж, харин монголчуудын нөөц агтаар сэлбэсэн мамлюк түрэгүүд дахин цэргээ эмхэлж чаджээ. Кутуз “Өө Ислам, Аяа Аллах” хэмээн Аллах тэнгэртээ чанга дуугаар залбиран тусламж хүсэж, “Зугтсан ч үхнэ, тэгэхээр нэр төртэй тулалдаад үхэцгээе” хэмээн сандарч үймсэн цэрэг дайчдаа зоригжуулж, уриалж байжээ.
Монголчуудын хувьд одоо нөхцөл байдал хүндрэх шинжтэй болов. Яг ийм эгзэгтэй мөчид монголчуудын зүүн жигүүр болж байсан монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидийн султан Муса цэргээ аван зугтаж одсоноор тулалдааны хувь заяаг нэг мөсөн эргүүлж орхив. Бибарс шилдэг цэргээрээ эзгүйрэн хоосорсон монголчуудын зүүн жигүүрийг хумин, бүсэлжээ.

Хит Буха ноёны омог бардам төгсгөл
Тулалдааны хувь заяа нэгэнт тодорхой болов. Хит Буха ноёны зарим шадрууд зугтан амь гарах боломж бий талаар хэлэхэд Хит Буха ноён хүлээж авсангүй. Тийнхүү “Зугтаж, дайсанд ар нуруугаа харуулж, хойч үедээ ичгэвтэр болохгүй. Монгол цэргийн сүр золбоог хэдийгээр ялагдсан ч гэсэн муу нохой шиг сүүл хавчин зугтаж гутаахгүй. Эзэн хаандаа үнэнч эр цэргийн ёсоор эрслэн тулалдана. Хожим хойно хэн нэгэн нь энэхүү тулалдаанаас амь гарч Эзэн хаанд маань хэл хүргэлээ гэхэд намайг эзнийхээ алдрыг гутаан шившгээ тарьж эргэж дутаасан хэмээн бүү хэлэг. Эргэн дутаадан цэрэг эртэй хэмээн Их эзэн маань бүү сэтгэл чилээрхэг. Энд миний цэрэг ялагдсан хэмээн эзэн минь сэтгэлээр бүү гутраг. Миний үхлийг, миний ялагдлыг эзэн хаан маань цэрэг дайчдынхаа гэргий нар нэг жил жирэмслээгүй, адуун сүргийнхээ гүүг нэг жил унагалаагүй хэмээн бодог” гэж хариулаад “Хүлэг хааны минь алдар бадраг” хэмээн уриа хашгиран дайран оржээ.
Хит Бухаг ганцаараа мянган дайчин шиг эрэмгий тулалдсан хэмээн тэр үеийн түүх бичээчид тэмдэглэж үлдээжээ. Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайсан руу дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. Хэдий явгарсан ч Хит Буха хэнийг ч өөртөө ойртуулахгүй илдээ салхи мэт эргэлдүүлэн галзуу арслан барс шиг тулалдаж, монгол дайчныг мохоож, алдар хүртэх гэсэн маш олон мамлюк-түрэгийн баатар эрийг цавчлан хаялжээ. Урьд өмнө өч төчнөөн дайн тулаанд орж, олон шилдэг дайчидтэй илд зөрүүлж явсан Кутуз болон Бибарс нар ийм аймшиггүй зориг, чадал төгс дайчныг харж, заавал амьдаар нь барихыг цэргүүддээ тушаасан байна.
Мамлюк харваачид Хит Бухын тахимыг нь нуга харван сөхрүүлж байж сая нэг дарж авчээ

Tuesday, August 31, 2010

Уран гэж юу вэ ?


Уран гэхээр Монголчууд бид цацрагт идэвхит, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Гэтэл үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл юм. Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрдэх бөгөөд 99.27 хувийг U-238 изотоп, 0.72 хувийг U-235, 0.0058 хувийг U-234 изотоп тус тус эзэлдэг. Изотоп гэдэг нь атом жингээрээ ялгаатай (цөм дэх нейтроны тоо нь өөр) боловч тухайн элементийг тодорхойлогч протоны тоо нь ижил химийн элементийн төрлүүдийг хэлдэг. Сүүлийн 50 гаруй жил асар хурдацтай хөгжиж буй цөмийн физикийн салбар 20 орчим ураны изотопыг лабораторийн түвшинд гаргаж авсан боловч зөвхөн дээрх гурван изотоп л байгаль дээр оршиж байдгийг тогтоосон юм.

Уран бол цацраг идэвхит элемент. Цацраг идэвхит элемент гэдэг нь байгаль дээр тогтвортой изотоп байдаггүй, өөрөөсөө ионжуулагч бөөмс болон цахилгаан соронзон цацраг ялгаруулан задарч атом жингээ алдан нэг элементээс нөгөө элементэд шилжих замаар тогтвортой элемент болтлоо задардаг элементийг хэлдэг. Лабораторийн түвшинд гаргаж аваад байгаа болон байгаль дээр орших нийт 120 шахам химийн элементүүдийн 40 орчим нь цацраг идэвхит элемент юм. Тухайн элементийн цацраг идэвх нь нэгж хугацаанд задарч буй цөмийн тоогоор илэрхийлэгддэг. Аливаа элементийн атомын бүтцийг хамгийн энгийнээр тайлбарлавал нэмэх цэнэгтэй протон болон цэнэггүй нейтроноос бүрэлдэх цөм, түүнийг бүрхэн орших сөрөг цэнэг-тэй электрон бүрхүүлээс тогтдог. Өнөөдрийн байдлаар арав гаруй төрлийн ионжуулагч бөөмсийн цацраг тогтоогоод байгаагаас голлох хоёр төрлийн цацраг нь хоёр нейтрон болон хоёр протоноос тогтох нэмэх цэнэг бүхий альфа (б), электроноос тогтох сөрөг эсвэл нэмэх цэнэгтэй бетта (в-/в+) цацраг юм. Дээрх альфа, бетта бөөмсийн цацрагийг дагалдан саармаг цэнэгтэй цахилгаан соронзон долгион буюу гамма (г) цацраг бий болдог. Дээрх альфа, бетта, гамма цацрагууд нь байгаль дээр их бага хэмжээгээр байнга байдаг.

Альфа цацраг нь дээрх гурван цацрагаас хамгийн хүнд, хуудас цаасанд ч хаагддаг, агаарт хэдхэн сантиметр тархах чадвартай ба хүний арьсыг нэвтэлж чаддагүй тул хүнд хор хөнөөл учруулах нь бага байдаг. Хэрэв альфа бөөм амьсгалын болон хоол боловсруулах зам, ил шархаар дамжин хүний биед орвол орчин тойрныхоо эсүүдийг гэмтээнэ. Дан электроноос бүрдэх бетта цацраг нь альфа цацрагийг бодвол хүний арьсны гүн давхаргад нэвтрэх ба нимгэн металл ялтас, шил, болон энгийн хувцсыг нэвтэлж чаддаггүй. Удаан хугацаагаар ойр ажиллах тохиолдолд хүний нүдний салст болон арьсанд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Гамма цацраг нь бусад цахилгаан соронзон долгионуудаас (рентген цацраг, хэт ягаан туяа гэх мэт) харьцангуй богино долгионы урттай, давтамж маш өндөр, аливаа материалыг маш сайн нэвтэлдэг, их энергитэй ионжууулагч цацраг тул хүний биед хортой. Зөвхөн их хэмжээний ус, зузаан бетон болон хар тугалган хана л гамма цацрагийг сааруулдаг байна.

Альфа, бетта, гамма цацрагийг эрүүл мэндийн салбарт бүх төрлийн хавдрын эмчилгээ, оношлогоонд; гамма цацрагийн эд эсэд сайн нэвчих чанарыг ашиглан рентген туяаны тусламжтайгаар компьютер томографын шинжилгээ, тэдгээртэй төстэй ионжуулагч цацрагуудын нэг болох рентген (x-ray) туяаг рентген зураг авах зэрэгт өргөн хэрэглэдэг. Альфа, бетта, гамма цацрагууд нь ураны хайгуул, олборлолт, цөмийн эрдэм шинжилгээ эрхэлж буй газрууд, боловсруулах үйлдвэрлэл, Атомын цахилгаан станцад илүүтэй тархсан байдаг ба Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас гаргасан дэлхий даяар мөрдөгдөж буй цацрагийн хяналт, хамгаалалтын стандартуудын дагуу шарлагын тун хэмжигч болон бусад багаж төхөөрөмжүүд ашиглан тогтмол хэмжилт хийж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн тусламжтайгаар дээрх цацрагуудаас олон нийт, цацрагтай орчинд ажиллагсдыг хамгаалдаг байна.

ДЭЛХИЙ ДЭЭРХ УРАНЫ ХЭРЭГЛЭЭ

Одоогийн байдлаар дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Эрчим хүчний салбарыг зөвхөн нүүрсэнд тулгуурдаж хөгжүүлнэ гэдэг байгаль орчин, экологи талаасаа маш асуудалтай. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг паунд уран 40-50 долларын хооронд хэлбэлзэж байна. Одоогоос гурван жилийн өмнө 136-138 ам.долларт хүрч байсныг ураны оргил амжилтын үе гэж хэлж болно.

Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий нийт алт, зэс, нүүрс гэхээсээ илүү ураны тухай ам булаалдан ярьдаг болж. Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашиглаж байна. Эдгээр орнууд цөмийн эрчим хүчийг ашиглахад шаардлага хангахуйц хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байхыг шаарддаг. Гэтэл тэдний хүсч байгаа шиг хөгжилд манай улс хэзээ хүрэх нь тодорхойгүй. Бид өөрийн ураны нөөц баялагаа ашиглах талаар ярьж, бичих хооронд эрх мэдэлтнүүд маань биднээс урьтаж мөнгө босгохдоо анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Ураны үнэ хэдхэн жилийн дараа одоогийн ханшнаасаа 4-5 дахин өснө гэж эрдэмтэд салбарын мэргэжлтнүүд тооцоолж байгаа юм билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр манай улсын ураны нөөц дэлхий дээрх ураны нийт нөөцийн 1,8 хувь буюу дэлхийн ураны нэг жилийн хэрэглээтэй тэнцүү ажээ.

Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олон зуугаараа шинээр баригдаж байна. Тэднийг АНУ 103 цөмийн цахилгаан станцтайгаараа тэргүүлж байгаа бол Франц улс 58 байгаараагаа удаалж байна. Франц улс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88 хувийн цөмийн эрчим хүчийг эзлэн оршиж байгаа ажээ. Мэдээж хөгжиж буй улс орнууд цөмийн цахилгаан станцийг шинээр барьж байгуулж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн хөгжингүй орнууд өөрсдийн цөмийн цахилгаан станцийн хүчин чадлыг нэмэгдүүлж буй талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Үүний нэг жишээ нь манай улсын “хойт хөрш” болох ОХУ 2020 он гэхэд цөмийн цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа хоёр дахин, БНХАУ тав дахин, Энэтхэг улс 8 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа сурагтай.

Аливаа улс гүрэн цөмийн эрчим хүч ашиглах сонирхолд автахын хэрээр ураны нөөц дэлхий нийтийн анхаарлыг өөртөө улам татах болно. Дэлхийн зах зээл дээр уран сүүлийн хэдэн жил тав дахин өссөн гэсэн судалгаа байдаг. 2004 оны дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үндэслэн Олон улсын атомын энергийн агентлагийн тооцоолсноор дэлхий нийтэд тогтоогдоод байгаа ураны нөөц нэлээд их буюу дэлхийн эрчим хүчний хэрэгцээг 85 жил хангах нөөц байгааг тогтоожээ. Дэлхийн ураны нөөцийн 76 хувь нь Австрали (24 хувь), Казахстан (17 хувь), Канад (9 хувь), АНУ (7 хувь), Өмнөт Африк (7 хувь), Намиби (6 хувь), Бразил (6 хувь) зэрэг зургаан оронд байна.

Ураны үнэ 2020 он хүртэл өснө үү гэхээс буурахгүй. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд технологийн шинэчлэлээ бүрэн хийж дуусах юм.

УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ МОНГОЛД

Уурын яндангаас гарах нvvрсний утаа Улаанбаатарыг угаараар утаж, “Уушигны эмнэлэг” хамгийн эрэлттэй бизнес болох цаг айсуй. Хордохоос өөр сонголт бидэнд уг нь бий. Барууны орнуудын туршлагаар Цөмийн цахилгаан станц байгуулбал агаарын бохирдолд цэг тавьж, хоёр хөршдөө эрчим хvч экспортлох боломж нээгдэх юм. Энэ бол манай улсын Мянганы хөгжлийн зорилтын нэгээхэн хэсэг. Оросуудад 2002 он хүртэл Монголын ураны хайгуул, олборлолтын материал нууцлагдан хадгалагдсан учир бидэнд өдий хүртэл цөмийн энергийг хэнтэй хамтарч, хэрхэн ашиглахад толгой өвтгөж байсангүй. Уншигч таны мартах шахсан нэгэн үйл явдлыг эргэн сануулъя. Одоогоос хоёр жил гаруйн өмнө Олон улсын цөмийн энергийн агентлагийн дарга Эл Барадей хэмээх египэт эр манайд айлчилж байсныг дурсах гэсэн юм. Химийн нэршлээрээ У-308 хэмээн томъёологддог, энэ зууны эрчим хүчний эх булаг ураны салбарын бодлогыг тодорхойлогч тэр эрхмийн айлчлал Монгол Улс дэлхийд эрэмбэ дарааллаараа хэдэд явааг тодорхойлсон. Дэлхийн ураны салбарт анхны алхмаа хийхээр тэмүүлж буй монгол-чуудтай танилцсан түүний тухай хэвлэл мэдээллийнхэн ч бараг анзаараагүй өнгөрсөн. “Монголчууд цөмийн эрчим хүчний станцтай болохоор зэхэж, бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ нь гурван сая орчим хүн амтай тэдний хувьд ядуурлаас ангижрах гарцын нэг юм” хэмээн “Ройтерс” дамжуулсан. Англичууд ийн мэдээлэхээс өмнө Засгийн газар Үндэсний хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу эл станцыг 2015 он гэхэд барихаар зэхэж буйгаа зарласан. “Зүрх” нь хариугүй зогсох дөхсөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийг цөмийн эрчим хүчний ганц станц орлох чадалтай. “Бид энэ ажлаа маш эртлэн дуусгах учиртай, Бид яарч байна” гэж Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Ройтерс” агентлагт ярьж байсан. Гэхдээ өнөөх станцын гол түлш зөөлөн шар бя-луугаа уул уурхайн ямар гиганттай хуваах тухай сэдэв нээлттэй хэвээр. Иймээс ноён Эл Барадейн айлчлал ашигт малтмалын хайгуулын “акул”-уудад Монголын ураны салбарыг дэлхийд таниулах гол боломж байсан юм. Тэрбээр Франц, Канад, Америк, Австрали, Орос, Хятад, Япон гэх мэт улсуудтай хамтран ажиллах хүсэлтэй түншүүдээс сонголтоо хийх цаг бидэнд ойртсоныг бидэнд хэлж байжээ.

Монгол улсад өнөөдрийн байдлаар Дорнод аймагт ураны 3 орд газар тогтоогдсон бөгөөд нийт нөөцийг хэмжээг 49 мянган тонн гэж үздэг. Гурванбулаг, Дорнодын ордын хэмжээнд Канадын Вестерн проспектор, Хан ресорсиз компаниуд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж нөөцийг дахин тооцоо хийсэн боловч эдгээр тайланг албан есоор эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж нөөцийг бүртгээгүй байгаа юм. Өнөөгийн байдлаар улсын нөөцийн мэдээллийн санд 49 мянган тонн нөөц л зөвхөн тогтоогдсон байгаа. Эдгээрээс гадна Дундговь аймаг Хараат, Хайрханы талбайд Гурвансайхан ХХК, Дорногвьд Улаан нуурын талбайд Кожеговь /АРИВА/, Ийст Азиа минералз компаниуд хайгуулын ажил идэвхитэй хийж байна. Дэлхийд эхний 2 тоо-цогддог Канадын Камеко компани Дундговийн Хулд суманд болон Дорнод аймгийн матад суманд хайгуулын ажил хийж байгаа. Эдгээрээс гадна нилээд олон тооны жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа юм.м Эдгээр хайгуулын ажлуудын үр дүнд ураны нөөцийн хэмжээ ихсэх нь дамжиггүй бизээ. Монгол улсад тогтоогдсон ураны цөөн тооны орд ил-рэлүүд байдаг боловч тэдгээрийн ихэнхийн нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тооцоогүй байдаг. 1994 оноос АНУ-ОХУ-Монгол улсын хамтарсан Гурвансайхан ХК Монгол орны хэмжээнд нэлээд хэмжээний талбайг Засгийн газар хоорондын гэрээт талбай гэдгээр эзэмшиж, хайгуулын ажлыг явуулж ирсэн бөгөөд үндсэндээ эдгээр талбайгаас Дундговь аймгийн нутаг дахь Хараат, Хайрханы ураны ордод үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажилласан. Хараат Хайрханы ордууд нь элсэн чулуунд агуулагдсан инфильтрацийн гаралтай тунамал ордууд юм. Ер нь Манай орны хэмжээнд ураны нэлээд хэдэн төрлийн хүдэржилт тогтоогдсон байдгаас үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсэх боломжтой төрлүүд нь зургаахан байдаг. Эдгээрээс хамгийн өндөр ач холбогдолтой төрөл нь тунамал гаралтай элсэн чулуун дахь ураны хүдэржилт юм. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлөөр Хараат, Хайрханы ордуудын ураны нөөцийг хэлэлцэн нөөцийг улсын нөөцийн санд бүртгэхээр тогтсон байна. Энд Хараатын ураны ислийн нөөц 7,2 мянган тонн, Хайрханы ураны ислийн нөөц 8,3 мянган тонн гэж тооцоолжээ. Гэхдээ ордыг олборлох явцад Хайрханы ордын нөөцийн хэмжээ 13 мянган тонн хүрч өсөх боломжтой бөгөөд газар доор шүлтгүйжүүлэх аргаар олборлох юм.