МАНАЙ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ХАРААД ХАЛДАН ДОВТЛОХ САНААНААСАА УХАРТАЛ НЬ БИД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРАА ХӨГЖҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО
Дэлхийн хэвлэл мэдээллээр сүүлийн үед Исламын Бүгд найрамдах Иран улс нь шинэ төрлийн зэвсэг амжилттай туршиж зэвсэглэлдээ нэвтрүүлж байгаа талаар тасралтгүй шуугих боллоо. Энэ сарын 21-ний өдөр Иран улс Оросын тусламжтайгаар Бушерын атомын цахилгаан станцыг ашиглалтад өгсөн ба түүнийхээ маргааш нь дөрөв хүртэл тооны пуужинг нэгэн зэрэг тээвэрлэх хүчин чадалтай алсын удирдлага бүхий нисгэгчгүй бөмбөгдөгч онгоц зохион бүтээснээ ид хав болгон дэлхий нийтээр зарлалаа.
Ямар учраас стратегийн чухал зэвсгээ нууцлахын оронд ил тод зарлаад байгаа нь ч ойлгомжтой. АНУ, Израиль тэргүүтэй "заналт" дайснуудаа галаар оролдох аюултай шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Үүний хариуд Израиль Ираныг даврааж цөмийн гүрэн болгохгүй гэдгийг хатуу анхааруулж мэдэгдэл гаргасан нь өнөөх гайхуулаад байгаа тогоог нь ойрын үед жүүдүүд хага бөмбөгдөж ч болзошгүй хэмээн шуугиж эхэлсэн.
Америк ч бушуухан үүнд оролцож хэдийгээр Иран атомын цахилгаан станцаа ашиглалтад оруулсан ч ойрын нэг жилийн дотор аюул тарихгүй хэмээн Израилийг тайвшруулж байна. Хариуд нь Израиль Ираны цөмийн обьектыг бөмбөгдөхөөс буцсан хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ.
Энэ нь нэгэнт ураны түлшийг баяжуулж эхэлсэн атомын цахилгаан станцыг бөмбөгдөнө гэдэг бол бүс нутгийн хэмжээнд аюул учруулах тул заналхийллээс сэргийлэх оройтсон арга хэмжээ хэмээн үзэж эхэлсэнтэй холбоотой гэнэ.
Анхны алсын зайн нисгэгчгүй бөмбөгдөгч "Каррар"аа танилцуулах ёслолын ажиллагааг улс даяараа шууд нэвтрүүлэх үедээ Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад ямар ч эргэлзээгүйгээр, бахархалтайгаар АНУ, Израиль хоёрыг заналхийлсэн билээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Иран улс ямар нэг улс орон руу халдан довтлохгүй ч зохион бүтээсэн зэр зэвсгийнхээ тусламжтайгаар бидний эсрэг дайсагнаж байгаа хэнийг ч зогсоох болно. Манай улсын төдийгүй хүн төрөлхтний дайснуудад илгээх энх тайван, найрамдлын төлөөх үхлийн элч Каррар байх болно" хэмээн мэдэгдсэн. М.Ахмединижадын ийнхүү онгирсон нь ч оргүй биш. 1980-1988 оны хооронд болсон Иран Иракийн дайны үеэс хойш Тегеранд зэвсэг нийлүүлэлтэд америкчууд хориг тавьсны дараа персүүд зэвсэглэлээ дотооддоо үйлдвэрлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.
Түүнээс хойш Иран улс энэ салбартаа өндөр амжилтад хүрч 1992 оноос орчин үеийн танк, их буу, пуужин, торпедо, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд үйлдвэрлэж эхэлсэн билээ. Дотоод хүчин чадлаа дайчилж ямар ч амжилтад хүрч болохоо ойлгосон персүүд нэг л өдөр цөмийн зэвсэг үйлдвэрлэх болсноо зарлаж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Энэ үед бүхний анхаарал АНУ, Иракийн дайн руу чиглэсэн байлаа. АНУ Иракт довтолсон нь Ираныг Арабын ертөнцөд үзэл суртал, нэр хүнд бүхий л талаараа хүчирхэг болгосон гэж CNN-ий аналистууд хоолойгоо сөөтөл ярьсан. Ерөнхийлөгч Барак Обама ч үүнийг хүлээн зөвшөөрч Иракийн дайныг өдөөсөн нь АНУ-ын хувьд стратегийн алдаа, ухралт болсон гэдгийг сонгуулийн үеэр Маккэйнтэй хийж байсан мэтгэлцээнд хэлчихсэн чинь өнөөх нь царай нь улайж түгдийчихээд л байж билээ.
Иран улс тэр цагаас хойш Цөмийн эрчим хүчний агентлаг, АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын дарамтыг үл тоон зүтгэсээр ийнхүү атомын цахилгаан станцтай болсноо зарлалаа. Тэд мөн сансарт хиймэл дагуул хөөргөсөн. Хамгийн сүүлд Ираны Ерөнхийлөгч "Аль Жазайра"-д өгсөн ярилцлагадаа "Сионист дэглэм /Израиль/ манай улсад цохилт өгөх зориг зүрх байхгүй, АНУ-аас ч бид айхгүй, тэднийг манай зэвсэгт хүчнийг хараад халдан довтлох санаанаасаа ухартал нь бид батлан хамгаалах салбараа хөгжүүлсээр байх болно" гэжээ.
Энэ бүгд нь Израиль Иракийн стратегийн чухал обьектуудад цохилт өгч байсан шиг зүйл одоохондоо болох болоогүй гэдгийг харуулж байна. Харин ч Иран Израилийг газрын хөрснөөс арчина хэмээн заналхийлсээр л байгаа. Тэдэнд еврейн улсыг арчих хүч бий болов уу. Ираны арми нийт 545.000 байнгын албан хаагчтай. Цэргийнхээ тоогоор тэд Хойд, Өмнөд Солонгос, Пакистаны ард жагсаж дэлхийд есдүгээр байранд ордог. Газар, агаар, тэнгисийн хүчин хэмээн гурав хуваагддаг.
Исламын Бүгд Найрамдах улсын арми нь 465.000, тэнгисийн цэрэг нь 28000, агаарын хүчинд 52.000 албан хаагч хамрагдах ба үлдсэн нь агаараас эсэргүүцэн хамгаалах тусгай хүчинд алба хаадаг аж. Ираны армийн цөмийг бүрдүүлэгч гол хүчин "Исламын хувьсгалыг хамгаалах гвард"-д нийт бүрэлдэхүүний дөрөвний нэг нь болох 120.000 цэрэг хамрагдах ба тэд нь өөрийн тэнгисийн болон агаарын хүчинтэй. Энд л тэдний армийн гол хүч болоод буй пуужинт цэргийн ангиуд бий. Тус гвардид байнгын цэргээс гадна 12.6 сая энгийн гишүүн бүртгэгдсэн байдаг.
Тэд нь дайны үед зэвсэг барин тулалдах чадвартай гэсэн үг. Батлан хамгаалах салбартаа 2010 онд 18 тэрбум доллар төсөвлөсөн. Зэвсэглэлийнхээ 60 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн байна.
Өрнөдийн томоохон хэвлэлүүдэд бичигдсэнээс үзвэл ойролцоогоор 5000 орчим танктай, үүнийх нь багагүй хувийг гадаадын танкууд эзэлдэг. Орос, Хятадаас ихэвчлэн худалдан авсан байх ба дээхнэ үед АНУ-аас авсан "М47Паттон", "М113" гэх мэт дөрвөн төрлийн танк хүртэл бий.
Түүнчлэн Хойд Солонгосоос "Чхонман хо" хүнд танк 1982-1985 онд 150 ширхгийг худалдан авсан нь одоо хүртэл зэвсэглэлд нь хэвээр байгаа гэнэ.
Сүүлийн үед 1995-2005 оны хооронд ОХУ-аас "Т72", "ВМР-2" зэрэг хүнд танкуудыг 1000-аад ширхгийг худалдан авсан байх юм. Танкийн армийн гол хүчийг нь Оросын эдгээр хүнд танкуудаас гадна персүүдийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн “Zulfigar MBT1-3” гэх мэт өндөр хүчин чадалтай танкууд эзэлдэг.
Харин 1996 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн тэдгээр үндэсний танкийнх нь тоо ширхгийг барууныхан хэвлэлд одоог хүртэл дэлгэж тавиагүй байгаа билээ. 2006 оноос Иран улс ойрын болон алсын зайн тусгалтай баллистик пуужингууд үйлдвэрлэж эхэлсэн.
Эдгээрээс 300-1300 км туулах чадвартай "Шахаб-2", "Шахаб-3" баллистик пуужин, 3000 км-ийн тусгалтай "Жхадр-110"-ыг хамгийн хүчтэйд нь тооцож болно. Мөн Орос, Хятадаас худалдан авсан 20 орчим төрлийн том жижиг пуужинтай.
Ираны арми дотооддоо үйлдвэрлэсэн 20-иод төрлийн байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудтай. Эдгээрийнх нь хамгийн сүүлийн үеийн ололт нь хэдэн өдрийн өмнө олонд үзүүлсэн "Каррар" юм. Ийнхүү Ираны зэвсэгт хүчин улам хүчирхэгжсээр олон улсын дарамт шахалтыг үл тоон зэвсэглэлээ баяжуулсаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ираны цэргийнхэн "Фатех-110" буюу орчуулбал байлдан дагуулагч хэмээх нэртэй 200 км-ийн тусгалтай есөн метр урт, 3.5 тонн жинтэй пуужинг харваж туршжээ. Туршилт ч амжилттай болсон байна.
No comments:
Post a Comment