Удахгүй Монголчууд хүрзнээс өөр захирах
юмгүй болно оо /Гэтэл Солонгосчууд урьдаад газар нутаг дээр нь хэрэгжүүлэх эхний алхамыг хийлээ/
Галдан бошигт хаан эх орныхоо сөөм газар, атга шорооныхоо төлөө амиа өргөхдөө Манж хятадуудад урвасан Монгол Хан, ноёдуудад хилэгнэн
“Эс чааваас даа ийм ч Монголчууд байх гэж…” хэмээн хилэгнэн хашгирч махир сэлмээрээ үхэр чулуу цавчсанаас сэлэм нь хуга үсэрч, өөрөө хүйт даасан өргөө рүүгээ орон үхлийн эмийг хүртсэн гэдэг юм.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.
Монголын эрх баригчдын дээрх шийдвэр БНСУ хилийн чанадад дор хаяж зуугаад жилээр тариалангийн газар түрээслэн авах стратеги бодлогоо хэрэгжүүлж буйн томхон илрэл боллоо. 99 жилийн хугацаагаар газар түрээслэх асуудлыг 2006 онд БНСУ-ын ерөнхийлөгч Ро Мүн Хён Монголд айлчлах үеэр хөндөн тавьжээ. Удалгүй солонгос мэргэжилтнүүд, судлаачид хүрэлцэн ирж Халх голын сав газарт судалгааны ажлыг ч хийсэн байна. Гэхдээ, солонгосын компани 99 жилээр газар түрээслэх гэдэг нь Монголд ихээхэн хэл ам дагуулж, авилгын хэрэг ч сөхөгдөв. Ийм учраас солонгосчууд асуудлыг Койка байгууллагаараа дамжуулан зүтгүүлж, газар тариалангийн загвар аж ахуй хөгжүүлэх нэрийн дор удаан хугацаагаар их хэмжээний газар эзэмшин ашиглахаар болж байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр солонгос эрхэмүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үүнийг Дорнод аймгийн хэсэг иргэдийг ажлаар хангаж, Монголд солонгосчуудын тарьсан хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох чухал үйл явдал боллоо гэж мэдэгдэв. Гэвч, гадныханд газраа эзэмшүүлэх нь Монголд юу авчрах вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд их л өөрөөр харж байгаа ажээ.
Хоёр жилийн өмнө Монголд болж байгаатай яг ижил асуудал олон улсад ихээхэн шуугиан тарьж, олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгсэлүүдээр ахин дахин цацагдаж байсан юм. Өмнөд Солонгосчууд Африк тивийн өмнөд эргийн Мадагаскар улсад 10 гаруй мянган хавтгай дөрвөлжин км хөндөгдөөгүй газрыг тариалангийн зориулалтаар 99 жилийн хугацаатай хямд түрээслэхээр тус улсын засгийн газраар нь зөвшөөрүүлсэн байна. Гэвч энэ шийдвэр нь тус улсын иргэдийн зүгээс болон улс төрийн хүрээнд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Мадагаскарын шинээр сонгогдсон засгийн газар нь өмнөх засгийн газрынхаа дээрх шийдвэрийг цуцалж байжээ.
Мадагаскарт болсон үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага хүнс импортлогч орнууд ядуу буурай орнуудад “шинэ маягийн колони”-ийн систем бий болгож байна гэж шүүмжилж анхааруулсан юм (Тухайлбал, энэ асуудлыг Анлийн “Financial Times”-д хөнджээ: http://www.ft.com/cms/s/0/ea8de830-b5d9-11dd-ab71-0000779fd18c.html#axzz0mHUouA7S).
Учир нь, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн хүн амын хурдтай өсөлт, экологийн доройтлоос шалтгаалан 40-50 жилийн дараа хоол хүнс нь дэлхий дээрх хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болж хувирна гэдгийг судлан тогтоосон юм. Жиших юм бол, ирээдүйд хүнс хоол нь өнөөгийн нефт шиг л адармаатай асуудал болно гэсэн үг. Гэхдээ, одоо ч газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ маш хурдтай өссөөр байгааг бид харж байна.
Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд дээрх асуудлыг урьдчилан харж өөрийнхөө хүнсний хангамжийг баталгаажуулахын тулд одооноос ядуу буурай орнуудыг хараандаа авч хөдөлж эхэлж буй ажээ. Мадагаскарт болсон үйл явдал ч үүний бодит жишээ. Судлаачдын үзэж буйгаар шинэ колоничлолын гэгдэх энэ бодлого ирээдүйд ядуу орнуудад ихээхэн хохиролтой байх ажээ. Одоохондоо газар тариалангийн технологи хөгжөөгүй, мэдлэггүй байгааг нь далимдуулан явуулж буй энэ зальт бодлогын уршгаар тэдгээр ядуу орнууд эргээд өөрсдөө хүнсний хомсдолтой нүүрлэж, улмаар мухардалд орох юм. Өөрөөр хэлбэл, хүнсний үнэ тэнгэрт хадаж эхлэх тэр үед тэдгээр ядуу орнууд өөрсдөө хөдөө аж ахуйн салбартаа юу ч хийж чадахааргүй болж хоосон хоцорсон байх ажээ. Чухам ийм учраас л НҮБ дээрх явдлыг түрэмгий үйл ажиллагаа гэж шүүмжилж байна.
Монголд яг л дээрх үйл явдал болж байна. Уур амьсгал нь хуурай, ихэнх нутагт хөрс нь эмзэг Монгол бол газар тариалан эрхлэх нутаг нэн хомс орны тоонд ордог. Гэхдээ, 90 оноос өмнө оросууд Дорнод Монголын тэрхэн хэсэг Халх голын сав газрыг ирээдүйд Монголын хамгийн үржил шимтэй хөрстэй, стратегийн газар тариалангийн бүс байх болно гэж тогтоосон байдаг юм. Монголчууд ашиглаагүй шахуу үлдээсэн шимт хөрстэй, усны нөөц бүхий сүүлийн ганц энэ бүс нутгийг өнгөрсөн долоо хоногт солонгосчууд албан ёсоор ийнхүү гартаа оруулж авлаа. Монголын засгийн газар, УИХ-ын гишүүд болон солонгосчууд энэ сав газраас монголыг хүнсээр давхар хангана гэх мэт сайхан тайлбар хийж байгаа боловч, аль ч тохиолдолд солонгосчууд өөрийн хүнсний хангамжаа баталж, монголчууд өөрийн нутагт ургуулсан хүнсийг гадныхнаас худалдаж авахаар болж байгаа нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой байна. НҮБ-аас ядуу орнуудад анхааруулсаар байтал Монголын эрх баригчид үлдсэн ганц тариалангийн бүс нутгаа УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нухацтай хэлэлцэлгүй гадныханд өгч ашиглуулахаар боллоо.
Төв азийн Монгол Улс нь Солонгосчуудын хувьд Мадагаскараас арай онцлог улс юм гэдгийг энд давхар дурдах нь зүйн хэрэг болов уу. Сүүлийн үед Монгол нь солонгосын үндэсний үзэл, улс төрийн бодлогынх нь бай болж байгааг мэдээллийн хэрэгслээр хөндөн бичих болов. Юу гэвэл, солонгосчууд Монголыг, ялангуяа Дорнод Монголыг өөрсдийн өвөг дээдсийн өлгий нутаг гэж шууд зарлаж байгаа нь ч санаандгүй зүйл биш. Өмнөд Солонгосын түүхчдийн дунд өөрийн үндэстний гарал үүслийн талаар маргаан байдаг юм байна. Хэсэг эрдэмтэд нь солонгос үндэстэн Зүүн Өмнөд Азийн хүмүүстэй холбоотой гэх буюу Солонгосын хойгийн уугуул ард түмэн гэж үздэг бол өөрийн түүх, соёл дахь хятадын нөлөөг үгүйсгэдэг үндэсний үзэлт түүхчид нь солонгос үндэстэн Монголд үүссэн гээд үүнийгээ онолын түвшинд гарган тавихыг оролддог байна. Гэхдээ, Өмнөд Солонгосын улс төрчид үндэсний үзэлт түүхчдээ илт дэмжиж байгаа нь харагддаг.
Тухайлбал, 2006 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монголд айлчлахдаа монгол, солонгос ижил гэсэн санааг гэж хэлж байсан юм. Мөн хэдхэн хоногийн өмнө л гэхэд, Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн гишүүн Ким Чхун Хван Монголд айлчлахдаа Улсын Их хурлын дарга Дэмбэрэлд Монгол бол бидний өвөг дээдсийн газар нутаг юм шүү гэдгийг нүүрэн дээр нь хэлж байна билээ. Монгол суугаа Өмнөд Солонгосын элчин сайд Пак гэгч Ийгл телевзээр ярилцлага өгөхдөө Монгол бол солонгосчуудын өвөг дээдсийн нутаг гэдгийг ч монгол үзэгчдэд давхар сануулж байв.
Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын эрдэмтэд Дорнод Монголд солонгос хороолол байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй тухай мэдээлал гарч байсан билээ. Юутай ч, дэлхий нийтэд шинэ колоничлолоос болгоомжлохыг сануулан буй энэ үед Өмнөд Солонгосчууд Дорнод Монголд их хэмжээний газар эзэмших стратегийн зорилгоо хэрэгжүүлэхээр өнөөгийн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраар албан ёсоор шийдвэр гаргуулж байна. Монголын Засгийн газарт өөрийн ард иргэдээ хүнсээр хангах, үндэсний аюулгүй байдлаа бататгах хөдөө аж ахуйн олигтой бодлого, стратеги алга. Монгол нь Чили зэрэг орон шиг авхаалжтай хөдөлж, бусдаас суралцсан зүйлгүй. Харин, гадны улсын хүнсний хангамж, түүхий эдийн бааз болж, түүнд нь хямд ажиллах хүчин бэлдэж өгдөг орон болох замруу явж байна.
Солонгосчууд авилгад идэгдсэн өнөөгийн Монголын төрийн багууллагуудаар шийдвэр гаргуулж өөрийн бодлогоо гүйцэлдүүлэх нь асуудлыг анх тавих үеэс л мэдэгдэж байсан юм. Монголын төрийн эрхэнд буй эрхэмүүдийн дотор аль нэг улсын заавраар хөдөлдөг бүлэг ч хэдийн бий болж ингэж хүчээ авсан байж магадгүй гэж ярилцах болсон билээ. Магадгүй ч гэж дээ. Тэртээ тэргүй иргэд Монголын төрийн байгууллагууд ямар болсныг мэдэж байгаа.
Ямартай ч, одоогоор үйл явдал эхлэл шатандаа явж байна. Монголын иргэд, улс төрийн хүчнүүд үүссэн нөхцөл байдалд яаж хандах, юу хийхийг цаг хугацаа харуулна байх. 1990-ээд онд Монголын Засгийн газар Монголын агаарын орон зайг гадны нэг компанид 99 жилээр түрээслэхээр шийдвэр гаргаж байсныг нь цуцлуулж байсан нэгэн хэрэг явдлыг уншигчид нэг санахад илүүдэхгүй биз ээ.
No comments:
Post a Comment