Гадаадын нэгэн аялагч манай Төрийн ордны урд талд хэдэн монгол хүнтэй хамт зогсож ордон дээрх төрийн далбааг зааснаа:
- Танай Монгол чинь хараат улс шүү дээ гэх нь тэр. Тэгтэл нөгөөх монголчууд хилэгнэн уурлаж ам амандаа бувтнан эсэргүүцэхэд нэг нөхөр бүр нударга зангидан “Тэнүүлчин даврахгүй шүү” гэж чанга дуугарав.
-Манайх тусгаар тогтносон, эрх чөлөөт улс аа хө! гэж нэгэн эр англиар хэлээд төрийн далбааг зааж
-Танай АНУ шиг тавин хэдэн хэсэг биш, нэг л цул улс шүү манайх гэв.
Тэгтэл нөгөөх жуулчин болгоомжилж
-Манай АНУ ч бас үе үе хараат болчих гээд байна гэхэд
-Худлаа донгос! Манайхыг доромжилсноо булзааруулах нь ээ бас гэж нэг монгол цухалдав.
-Юугаар хараат болчих гээд байгаа юм бэ? Зэвсгээр л лав биш гэж хоёр дахь монгол эр нухацтай асуув.
-Зэвсгээр биш ээ! Зэвсэг хөдөлгөх юмаар! гэж жуулчин хариулсанд өнөө хэдэн монгол эргэлзэн гайхсанаа
-Хөдөлгөх юмаар гэдэг чинь юу билээ гэж бие биеэсээ асуув.
Жуулчин эр,
-Петролоор гэснээ танайхаар бензин л байхгүй юу гэж хариулсан чинь гэнэт сэхээрэв бололтой амандаа үглэснээ
-Петролоор манайх хэний хараат болчих гээд байна вэ гэж асуув.
Жуулчин инээж ,
-Арабуудын гэж товчхон хариулснаа,
-Танайх бензинээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй биз дээ гэж асуусан чинь нэг монгол
-Уул нь ч газрын тос бий л дээ гэж нэрэлхэв. Жуулчин,
-Түүнээсээ бензин нэрдэг үйлдвэртэй юу гэв. Нөгөөдүүл цөм толгой сэгсэрч дуугүй болцгоов.
-Тэгвэл бензинээ хаанаас, хэнээс авдаг юм бэ. Оросоос биз дээ гэж жуулчин шалгаав.
-Тэр ч тэгдэг ээ гэж монголчууд сулхан дуугаар хариулахад,
-Харин тэгээд л танайх Оросын хараат орон болж байгаа юм биш үү гэж тэдний амыг таглав.
-Танайх ч бас Оросоос бензин авдаг биз дээ гэж нэг монгол эр няцаах санаатай асуусанд,
-Үгүй, манайх байтугай Европынхон Оросоос бензин авахаа больсон…
Харин дизелийн түлш авч дахин боловсруулж хэрэглэдэг юм гэж жуулчин хэлэхэд:
-Бензин бэлэн авчихдаггүй юм уу гэж монгол эр асуув. Жуулчин инээж,
-Оросын үйлдвэрүүд хоцрогдчихсон. Гаргадаг бензин нь стандартын шаардлага хангадаггүй бохир бас хортой гэдэг болохоор яаж авах вэ. Танайхан л өндөр үнээр авдаг юм байна билээ гэхэд,
-Арай ч дэгсдүүлж байгаа биз. Машин цэнэглээд шатаж ууршаад л дуусах юм чинь ямар хамаа байна гэж нэгэн монгол жинхэнэ монгол сэтгэлгээгээ харуулах нь тэр.
Жуулчин,
-Танай сайд дарга нар цөм автомашин унадаг биз дээ гэж асуухад монголчууд,
-Тийм ээ гэж зөвшөөрөв.
-Тэгвэл орос ах чинь бензинийхээ хоолойг хаачихвал сайд нар чинь хуралдаа явган ирэх болох нь ээ дээ. Тэр шингэний гоожуурыг хаадаг юмыг оросоор хараант гэдэг биз дээ. Тэрийг л хаачихвал танайх хараантад захирагддаг хараат болохоо мэдрэх биш үү гэж жуулчин тохуутай хэлэв. “Энэ золиг чинь жуулчин биш тагнуул юм уу даа” гэж нэг монгол нь амандаа шивэгнэв.
Бусад нь дуугүй болж юм бодоцгоон зогсоход жуулчин талбайн хоёр талаар зайгүй шахам цувран урагш хойш хурдалж буй суудлын тэрэгнүүдийг зааж “Танай улсын хүн амын 50 гаруй хувь нийслэлдээ бөөгнөрсөн гэдэг. Тэгтэл бас автомашиных нь 70 хувь нь энэ хотод явдаг гэсэн. Ийм нөхцөлд бензинээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй бол түүнийг өгдөг улсынхаа хараат болсон гэсэн үг. Машин эзэмшигчдийн тоо өсөх тусам хараат байдал улам лавшрах болно.
Би үүнийг л хэлэх гэсэн юм. Түүнээс эрхэм монгол ноёдоо доромжлохыг огтхон ч хүсээгүй юм шүү” гэж хэлээд салж одов. Харийн жуулчны үг нөгөө хэдэн монголын орой уруу орсон бололтой. Тэд маргалдсаар тарж явцгаалаа.
Жуулчны яриа үндэстэй гэдгийт өөр хэн ч биш бид бүхнийг “бензинээр угждаг” орос эрдэмтэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч хэвлэлдээ хүртэл бичжээ. “Оросын Холбооны Улсын газрын тосны боловсруулах үйлдвэрийн технологийн төвшин түүхийн өмнөх үеийнх гэмээр хоцрогдсон учраас Европын орнууд стандартын шаардлага хангадаггүй тул ОХУ-д үйлдвэрлэсэн бензинийг импортолж авдаггүй” гэж Оросын аж үйлдвэрийн зах зээлийн академийн эрдэм шинжилгээний удирдагч Д.Данилов “Аргументы факты” сонинд саяхан бичжээ.
Европын орнууд Оросоос дизелийн түлшийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж үзээд хямд үнээр авч өөрсдөө ахин боловсруулж стандартын шаардлагад хүргэн хэрэглэдэг юм байна.
Гэтэл манайхан тэрхүү стандартын шаардлага хангаагүй бензин шатахууныг өндөр үнээр авч шууд л хэрэглэсээр олон оныг үдлээ. Аливаа шатахуун, эрчим хүч хэрэглэхэд агаар мандлыг халаах, ялангуяа нүүрсхүчлийн хий (С02) үүсч юуны урьд хот суурин газрын агаарыг халаах, бохирдуулахад хүргэдэг тул дөрвөн уулын дундах хонхорт шавааралдсан манай нийслэл хотын агаар 2-6 хэмээр бүлээсдэг болсноор барахгүй хар тугалга гэхчилэн хортой, хүчиллэг, утаа, тоостой агаарын бункер (бөмбөлөг) буй болж нийслэлийнхний эрүүл мэндэд хохирол учруулдаг болсоор удлаа.
Саяхан Эрүүл мэндийн яамны цусны шинжилгээний газар Улаанбаатарын төв хэсэгт амьдардаг хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийхэд цусанд буй хар тугалгын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрдөг хэмжээнээс 10 дахин их байжээ.
No comments:
Post a Comment