Монгол ТУХН-ийн гишүүн орон болохоор саналаа өгсөн гэв үү
-Морь хэдий сайн ч хоёр эмээл тохдоггүй- Оросын мэдээллийн агентлагууд Монгол Улстай холбоо бүхий нэгэн хачирхалтай гэмээр мэдээ цацжээ. Учир нь Гүрж тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн (ТУХН) гишүүнээсээ татгалзаж, улмаар бүрмөсөн гарч буйгаа мэдэгдсэнтэй холбогдуулан тайлбар хийсэн байх аж... Мөн Украйны Ерөнхийлөгч Юшенко ч уг байгууллагын дараачийн хуралд оролцохгүй гэдгээ шулуухан мэдэгдсэн бололтой юм. Мөн ийнхүү нэг нь гарч байхад харин Монгол, Афганистан хоёр ТУХН-ын гишүүнээр элсэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж, улмаар Монгол Улс тус байгууллагын нэлээд хэдэн бүтцэд орж ажилладаг хэмээн оросууд нэн баяртайгаар өгүүлсэн байв. Ухаандаа та нар гарна л биз, цаана чинь орох гэсэн орон оочерлоод зогсч байна гэсэнтэй агаар нэгэн харагдлаа. Гүржийг ойлгож байна аа. Өнгөрсөн оны наймдугаар сард яалаа даа. Оросууд нөгөө ТУХН-ийн гишүүн энэ тэрийгээ огтхон ч харгалзалгүйгээр Өмнөд Осетийг өмөөрөн танкуудаа Тбилиси хүртэл давшуулчих шахсан удаатай. Тиймээс энэ байгууллагын гишүүн орон байгаад огтхон ч нэмэр алга хэмээн Гүрж Саакашвили нэг бус удаа мэдэгдэж байв. Нэг ёсондоо НАТО-гийн гишүүн орон нэгнийхээ эсрэг дайрсантай агаар нэг хэмээн үзсэн юм. Харин Америкууд хэзээ ч ийм үйлдэл хийхгүй, оросууд бол яаж ч мэднэ гэдгээ харууллаа хэмээн уулынхан тун их шуугилдаж байсан билээ. 1990-ээд онд хуучин социалист орнууд хөгжлийнхөө чиг баримжааг өөрчилж, Зөвлөлт Холбоот Улс гэж дэлхий дээр хамгийн томд тооцогддог байсан гүрэн нуран унаснаар энэ улс цэрэг, эдийн эдийн засгийн хувьд дэлхийн улс төрийг тодорхойлогчийн нэг асан байр сууриа алдаж эхэллээ. "Варшавын гэрээ" болон Эдийн засгийн харилцан туслах зөвлөл (ЭЗХТЗ) тарав. Ингээд энэхүү онгойж байгаа орон зайг нөхөхийн тулд 1991 оны арванхоёрдугаар сард Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийг (ТУХН) Орос, Украйн, Белорусь гурав байгуулж, хожим Азербайжан, Армен, Казахстан, Киргиз, Молдав, Тажикстан, Узбекстан улсууд нэгдэн орж байгаагаа мэдэгдэж, гагцхүү Туркмен холбоотон маягаар хамтран ажиллахаар болжээ. Гэвч тэртээ 1991 оноос өдийг хүртэл Азербайжан, Киргиз, Тажикстан, Туркменстан улсууд үндсэн баримт бичигт нь гарынхаа үсгийг зураагүй ирсэн байна. Зур л даа гэхээр, за яахав тэгж байгаад нэг болгоно оо л гэдэг байж. Энэ хугацаанд Киргиз л гэхэд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр Америкт цэргийнхээ баазыг байгуулах зөвшөөрөл өгөөд орхисон нь мэдээжийн хэрэг оросуудын дургүйг тун их хүргэв. Ах уурлалаа. Тэгэхээр нь киргизүүд та нар ч гэсэн цэргийнхээ баазыг байгуул л даа гэсний дагуу америкчуудтай зэрэгцүүлэн өөрийнхөө агаарын цэргийн нэгэн хороог байршууллаа. Мөн тун удахгүй Хятад ч энд буюу түүхэндээ анх удаа харийн нутаг дээр өөрийнхөө цэргийг байрлуулахаар Киргизтэй харилцан тохиролцоод байгаа бөгөөд иймэрхүү маягаар улсаа тэжээнэ хэмээн тооцоолжээ. Харин Гүржийн хувьд ТУХН-ийн гишүүн орнуудын ажил төрөлд угаасаа жаахан идэвхгүй оролцож ирсэн бөгөөд НАТО-д элсчих санаагаа огтхон ч нуудаггүй байв. Тиймээс оросуудын дайрсан явдал тэдний хувьд загатнасан газар нь маажих шиг болсон тул ийнхүү ТУХН-ийн гишүүнээс татгалзах сайхан нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ. Ингэхэд оросууд энэ хэрэг явдалд нэлээд түгшиж буй нь илт байна. Гэхдээ өнгөн дээрээ үүнийгээ харуулахгүйг тун их хичээж байгаа бололтой. Аргагүй ээ. Эндээс гарсан "аваргууд" шууд л НАТО-гийн гишүүн орон болох магадлал тун өндөр. Ингэснээр энэ эвсэл хүрээгээ тэлж, нэг л өдөр Оросын хилийг хүрээлчихсэн зогсч байх ирээдүйтэй тул ёстой л наашаа харж инээн, цаашаа хараад уйлж буй нь тодорхой шүү дээ. Тиймээс ч зайлуул, Монгол, Афганистан энэ тэр гээд цаана чинь зөндөө улс байна хэмээн сэтгэлээ тайтгаруулаа биз ээ. Гүрж хэдийгээр ТУХН-ээс гарч байгаа ч олон хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллана хэмээн Оросын дипломатчид ярьсан байна. Тэр ч бүү хэл, Гүржид засаг төр солигдсоны дараа эргээд ирнэ ээ гэжээ. Мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд ордоггүй байсан нэлээд орон ТУХН-ийн гишүүн орон болох хүсэлтээ албан бусаар ирүүлээд байгаагийн дээр Монгол Улс л гэхэд энэ байгууллагын дэргэд ажиглагчийн статустайгаар нэлээд удаж буй гэсэн байх аж. Тэгэхээр тэртээ нэгэн цагт манай монголчууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, 16 дахь Бүгд найрамдах улс нь болох хүсэлт тавьж байсан гэдэг шиг орчин үед ч гэсэн бидний удирдагчдын нэг бас ийм нэгэн санал тавьчихаад нүдэн балай, чихэн дүлий сууж байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж буй. Яагаад гэхээр ядаж байхад энэ асуудал хэр үнэний ортой вэ гэсэн асуултыг "Эхо Москвы" радиогийнхон Москва дахь Афганистан болоод Монгол Улсын Элчин сайдын яамныханд тавихад "Тийм юм огт байхгүй. Ийм яриа хаана ч, хэзээ ч өрнөөгүй" хэмээн Афганы Элчингийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Первиз Арзу шуудхан мэдэгджээ. Гэтэл манай элчингийнхэн болохоор одоохондоо тайлбар өгөхөөс татгалзаж байна гэсэн хариу өгсөн бололтой юм. Ингэхэд манайхан НҮБ-ын далбаан дор далдуурхан НАТО-той, хөршийнхөө хувьд ТУХН-тэй түншилье гэсэн гадаад улстөрийн бодлого баримталж байхыг үгүйсгэх арга алга. Хэрвээ тийм бол ядахдаа л хуучин ах нартаа наад бензинийхээ экспортын татварыг бууруул гээд зоригтой хэлнэ шүү дээ. Гэвч морь хэдий сайн ч хоёр эмээл тохдоггүй гэсэн нэг айхавтар үг бий шүү. Бас хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэх нь ч байдаг.
No comments:
Post a Comment