Буриад ард түмнийг хэрхэн хэсэглэн хуваасан бэ?
1937 оны есдүгээр сарын 26-ны ЗСБНХУ-ын Төвийн гүйцэтгэх Сибирийн мужийг Эрхүү, Чита муж болгон хуваажээ. Энэ тогтоолын дөрөвдүгээр зүйлд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монголын өөртөө засах улсын Ага болон Улаан Онон аймгуудыг Эрхүү мужид нэгтгэж Усть-Ордын үндэсний тойрог байгуулах шийдвэр гаргасан аж. Уг тогтоолд ЗХУ-ын Төвийн гүйцэтгэх хорооны дарга М.Калинин, нарийн бичгийн дарга А.Горкин нар гарын үсэг зурсан байна. Буриадын нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны доктор Ширап Чимитдоржиев “Аргументы и Факты” сонинд энэ тухайд санаа бодлоо бичснийг та бүхний анхааралд толилуулъя.
Дээрх тогтоол Буриад-Монголын ард түмний үндэсний болон соёлын байгуулалд хүнд цохилт болсон юм. Нэгдсэн соёл, бичиг үсэг, утга зохиолын хэл бүрэлдэх үйл явц зогсонги байдалд оров. Ийнхүү таслан хуваасан нь хүн амын өсөлтөнд ч муугаар нөлөөлнө. Буриад-Монголоос ялган авсан аймгууд нь БНУ-ын нутаг дэвсгэрийн бараг 40 хувийг эзэлж байсан бөгөөд Буриад иргэдийн үлэмж хэсэг нь амьдарч байсан юм. Үүнээс гадна үндэсний тойргууд болох БНУ-ын хооронд хил залгахгүй байхаар нутаг дэвсгэрийн хуваарийг тогтоосон байна. Тухайлбал Буриадын олон овгийн уугуул нутаг Ольхон аймгийг үндэсний тойрогт биш Эрхүү мужийн шууд харъяанд өгчээ.
1990 оны наймдугаар сарын 24-нд БН Буриад улсын хэсэг ахмад дайчдаас ЗХУ-ын дээд зөвлөлд илгээсэн захидалдаа “Нэгдмэл ард түмнийг задлан бутаргахдаа газар нутгийн алслагдсан байдлаар шалтаглаж байсан боловч үнэн хэрэгтээ энэнхүү аймшигтай, дур мэдсэн хууль бус ажиллагааг явуулсан цэг үеийг авч үзвэл, тэртээ тэргүй цөөн тоотой ард түмнийг бүр жижиглэн хуваах ажлыг санаачлагчид, зохион байгуулагчид нь “панмонголмзм”-ын үзэл санааны эдийн засаг, нутаг дэвсгэрийн үндэс суурийг устгахыг хүсч байжээ. Эндээс үзэхэд хувьсгалын эсрэг “панмонголизм”-ын үзэлд хувь хүмүүс төдийгүй буриадын ард түмнийг бүхлээр нь буруутгасан байна” гэжээ.
1937 оны зун ЗСБН Буриад-Монголын өөртөө засаг улсад ардын дайсан, үндсэрхэг үзэлтэн, панмонголистуудыг илрүүлэх компанит ажил өрнөжээ. Энэ нь нэгдмэл ард түмнийг хэсэглэх оршил болсон юм. Буриад-Монголын гол удирдагчдыг баривчлан хороов. Үнэн хэрэгтээ ард түмний улс төр, соёлын дээд давхаргыг бөөнөөр нь устгах ажиллагаа эхэлжээ. Буриад-Монголын мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.Ербанов, БНУ-ын М.Дампилон, БНУ-ын ардын комиссариатын зөвлөлийн дарга Д.Доржиев нарыг цаазалсан байна. Эхнээсээ аваад сүүлчийн үсгээ хүртэл хуурамчаар зохиосон “Хувьсгалын эсрэг панмонголизмын олныг хамарсан хөдөлгөөний хэрэг” гэгч мянга мянган гэр бүлд уй гашуу, эмгэнэл авчирчээ. Тус БНУ-ын нутаг дэвсгэрт панмонголизмын улстөрийн байгууллага байгаагүйг баримтаар баталсан билээ. Хорих лагерь, шоронд гэм буруугүй хоригдож, амь үрэгдсэн хүмүүсийг бүрэн цагаатгасан боловч уг хэргийг зохион байгуулагчид зорилгодоо хүрчээ.
1938 оны долдугаар сарын 6-8-нд болсон Буриад Монголын Дээд зөвлөлийн анхдугаар чуулганаар депутатуудын зарим нь айн ширвэгдэж зарим нь ч үнэн санаанаасаа ард түмнээ хэсэглэн хуваах тухай тогтоолыг “баталсан” гэдэг. Үүнээс хорин жилийн дараа буриадуудын үндэсний ухамсарт бас нэгэн цохилт өглөө. 1958 оны долдугаар зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Буриад-Монголын өөртөө засах улсыг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриадын өертөө засах улс болгон нэрийг нь өөрчлөв. Ингэснээр жижиг ард түмэн гарал үүсэл, хэл, соёлын хувьд харъяагддаг Монголын ертөнцөөс таслагдаж эхэллээ. Хамгийн сүүлд хамгийн эмгэнэлтэй явдал 1970-аад онд болсон юм. БНУ-ын сургуулиудад төрөлх буриад хэлний сургалт бараг зогслоо. Энэ нь ард түмний оюун санааны оршин тогтнохуйд буюу зүрхэнд нь өгсөн цохилт юм. Төрөлх хэлээ гээсэн ард түмэн түүхийн салхинд хийссэн тоос төдийхөн болж, харь ард түмнүүдийн дунд үг дуугүй, орон гэргүй хэрэн тэнүүчлэгч мэт үзэгддэг билээ.
Өнөөгийн хамгийн эмзэг асуудал бол эх хэлээ сэргээхийн зэрэгцээ оюун санааны соёл, үндэсний ухамсраа амьдруулж, ард түмний сэтгэхүйн онцлогийг хадгалж үлдэх явдал юм. Оросын нийгмийн ардчилал нь том, жижиг ард түмнүүдэд өөрийн үндэсний бахархлыг олж авах боломж олгож байна. Залхаан цээрлүүлэлтэнд хохирсон ард түмнүүдийг цагаатгах тухай ОХУ-ын хуульд “Залхаан цээрлүүлэгдсэн ард түмэн гэж үндэстний болон өөр бусад харъяаллаар нь ялгаварлуулан төрийн хэмжээнд гүтгэх, аймаглан устгах бодлого явуулж, хүчээр нүүлгэн шилжүүлж, улс үндэсний байгууллыг татан буулгах буюу үндэсний нутаг дэвсгэрийн хил хязгаарыг нь өөрчилсөн ард түмнийг хэлнэ” гэжээ.
Үүнээс үзэхэд 1937 оны Үндсэн хуулийн эсрэг арга хэмжээг цуцалж, Буриадын ард түмний хувьд түүхэн шударга байдлыг сэргээн тогтоох хууль зүйн үндэс бүрэлдэн тогтсон байна
No comments:
Post a Comment