ҮЭ-ийн гишүүд түүний дотор эмч, багш нарын идэвхтэй тэмцэл, МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт шаардлага тавьж хэлэлцээрийн ширээнд суусны үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулж 2010 оны 10 дугаар сарын нэгнээс төсвийн ажиллагчдын цалин хөлсийг 30 хувь нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулсан билээ. Гэвч төсөв хүрэхгүй гээд цалин нэмэхгүй байх, цалин нэмэхийг далимдуулж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэх сөрөг үр дагавар гарах магадлал өндөр байна. Энэ талаар МҮЭХ ямар байр суурьтай байгаа, ер нь 2010 онд тус холбооноос хийж гүйцэтгэсэн болон хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.
- Энэ оны эхний хагас жилд хийсэн гол ажлаа дүгнэвэл?
- МҮЭХ-ны Ерөнхий зөвлөл эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа гаргаж гишүүн байгууллагууддаа хүргүүлсэн. Үүнээс хамгийн гол ажил нь гуравдугаар сард орон даяар жагсаал цуглаан хийсний үр дүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүний үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хийсэн явдал. Өмнө нь улсын гурван талт хэлэлцээрийг хоёр жилд нэг л удаа, зарим тохиолдолд гурав дахь жил рүүгээ орж байж хэлэлцээрээ хийдэг байсан. Өнгөрсөн хугацаанд 2008 онд хийсэн улсын хэлэлцээрийн ээлжит хугацаанд хоёр удаа ээлжит бус хэлэлцээрийг хийж, эдийн засгийн хямралтай байгаа ийм нөхцөлд талууд цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа нь эзэд, ҮЭ-ийн байгууллага чадавхижиж, хүчтэй болж байгаагийн шинж юм уу даа. 10 дугаар сарын нэгнээс багш, эмч нарын цалинг 30 хувь нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн.
- Төсвийн ажилтны цалинг 30 хувь нэмэхээр эдийн засагт ялангуяа хувийн хэвшилд сөрөг үр дагаврууд гарна гээд байгаа. Үүний эсрэг ямар арга хэмжээ авах вэ?
- Нэгдүгээрт, 30 хувийн цалин, хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг баталгаажуулах, дээр нь албан бус эдийн засагт ажиллаж байгаа, ҮЭ-д нэгдээгүй хүмүүс ч бас цалингаа ийм хэмжээнд нэмэгдүүлэхийн төлөө тэмцэхийг уриалж кампанит ажил зохион байгуулна.
Хоёрдугаарт, Засгийн газар хөрөнгө мөнгөний хомсдол гээд ажиллагчдыг цомхотгох ямар нэг нугалаа гаргах бий гэдэгт анхаарч урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж эхэлж байгаа. Хүмүүсийг ажлаас халахгүй, цомхотгол хийхгүй гэдэг дээр бид хатуу зогсож байгаа.
Гуравдугаарт, цалин хөлс нэмэгдүүлж байгааг далимдуулж бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх улс төрчдөөр ар талаа хамгаалуулсан, монополь бизнес эрхлэгчдийн, олигополь бүлэглэлүүд увиагүй алхам хийх магадлалтай байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон амьжиргааны өртгийг индексжүүлж цалин дээр шууд нэмэгдэл өгөх хууль эрх зүйн орчныг бүрдүүл гэсэн шаардлагыг засгийн газарт тавьж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд МҮЭХ-ноос эрдэмтдийн баг бүрдүүлж Л.Лханям доктортой гэрээ хийж ажиллахаар болж байгаа.
Эцэст нь тарифын зөвлөмжийг Монгол орон даяар гаргана. Энэ ажлыг Хөдөлмөрийн дээд сургуулийн эрдэмтэн багш нараар хийлгэж байгаа.
- Цалин нэмүүлнэ гэдэг байр суурин дээр МҮЭХ хатуу байгаа гэж ойлгож болох нь ээ?
- Цалин нэмэх гэрээгээ цуцлах вий гэдэг дээр бид анхаарч тэмцлээ нягт чамбай болгож ажиллах ёстой. Яагаад гэвэл улс төрчид бодлогоор Грекийн эдийн засгийн уналт, төрийн албан хаагчдынхаа цалинг бууруулах оролдлогууд Европ даяар явагдаж байна, Монголд цалин хөлсийг нэмэгдүүлэх ийм зүйл яаж байж болох вэ, мөн төсвийнхний 30 хувиас болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ажилгүй байгаа хүмүүс улам нэрвэгдэх гэж байна гэх зэргээр ард түмнийг хоёр хуваах гэсэн оролдлогууд байнга гаргадаг. Шийдвэр гаргагч нарын ийм увиагүй занг бид сайн мэдэж байна. Үүний эсрэг бид судалгаатай, мэдээлэлтэй, бодлоготой ажиллах ёстой.
- Тодорхой ямар алхамуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
- Монголын эдийн засгийн хямрал бол нэгдүгээрт, европ, АНУ-ын эдийн засгийн хямралаас өөр, Монголд эдийн засгийн хямрал яагаад гарсан бэ гэвэл маш цөөхөн хүмүүс бий болгосон баялгийг эзэмшиж байгаа учраас. Нэг үгээр хэлбэл, орлогын хуваарилалтын шудрага бус байдлаас болж Монголд хямрал гарч байгаа. 2000 оны үед 850 мянган хүн амьжиргааны доод түвшнээс доогуур ядуу амьдарч байхад улсын төсөв 420 тэрбум төгрөг байсан бол 10 жилийн дараа улсын төсөв 2.7 триллон төгрөгт хүрч 6.0 дахин нэмэгдсэн байхад амьжиргааны түвшнээс доогуур ядуу хүмүүс 950 мянга гараад, сая шахам хүн болчихоод байна. Өнөөгийн байдлаар 350 мянган хүн гудамжинд ажилгүй явж байна. Ажилгүйдлийн түвшин 34 хувьд хүрчихээд байна. Энэ бол баян нь баяжсан ядуу нь улам ядуурсан гэсэн үг. Энэ бол хуваарилалтын шудрага бус байдлыг харуулж байна.
- Энэ байдлаас гарах ямар арга зам байна вэ?
- Эндээс гарах арга зам бол хөдөлмөр эрхэлж буй албан ба албан бус секторт ажиллаж байгаа болон баялгийг бүтээхэд оролцож байгаа хүмүүсийн оролцоог нь нэмэгдүүлэх явдал. Энэ бол Монгол оронд эдийн засгийг эрүүлжүүлж, санхүү эдийн засгийн хямралаас гарах туйлын арга зам мөн. Бидний хамгийн хүчтэй байдаг боловсрол, эрүүл мэнд, төмөр зам, эрчим хүчний гэх мэт салбарын ажилтнууд, төрийн албан хаагчид, төрийн өмчит компаниуд төдийгүй бусад аж ахуйн нэгжүүд дээр энэ ажлаа хүчтэй хийх болно. Хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэх нь бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх үүд хаалга болоогүй гэдгийг ард түмэнд хэлье.
Харин Солонгос руу явж казино тоглодог, Хавайн арал руу амралтад явдаг олигархи улс төрийн бүлэглэлүүдийг тендер хэлбэрээр авдаг мөнгийг багасгаж хүмүүсийн авах мөнгийг нэмэгдүүлж байгаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Нийгэмд бий болсон баялгийн 21 хувийг ажилчин хүмүүс 80 шахам хувийг эзэд болон бизнес эрхлэгчид, тодорхой хувь нь улс төрчдөд авилгал хэлбэрээр ордог. Үүнийг л бид ядаж 60:40 гэсэн харьцаатай болгохыг зорьж байгаа. Монголын зах зээл руу орж байгаа 7.0 триллон төгрөгийг нэмэгдүүлээгүй. Энэ нь инфляцийг хөөрөгдөхгүй. Харин Монголын эдийн засагт эргэлдэж байгаа 7.0 триллон төгрөгийг мөнгө хэвлэх маягаар 10-15 болгох юм бол инфляц үүсэх нөхцөл мөн.
- Тэгвэл яагаад инфляц болоод байгаа юм бэ?
- Хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлсний төлөө инфляц явагдаагүй. Монгол орон гадаадын томоохон гүрнүүдийн эдийн засгийн боол болчихсон байна. Монголын нийт аж ахуйн нэгжүүдийн 70-аас илүү хувь нь арилжааны банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний зээлийн хүү 20-30 хувь, дээр нь ашгийн татвар 10 хувь ингээд нийт 30-40 хувийг бараан дээрээ нэмж зарах болж байна. Хятадаас төмс оруулж ирсэн ч бай өөрөө тарьсан ч бай юу ч хийсэн бай, өртөг дээрээ 30-40 хувийг нэмэхээс өөр аргагүй. Ийм тохиолдолд инфляцийг 30 хувиас доош оруулна гэж ямар эрүүл ухаантай хүн ярих вэ дээ.
Инфляц Монгол банкны болон сангийн яам, Засгийн газар улс төрчдийн бодлогоос болж ийм аймшигтай өндөр, өр зээлтэй, өтсөн мал шиг ийм маягаар бизнес хийдэг. Ард түмнээ мөнгө хүүлэгч нарын дарамтад оруулж бизнес хийлгэж байна. Ийм нөхцөлд бизнес өсөх ажлын байр бий болох ямар ч үндэс байхгүй. Дээр нь зах зээл болон тоног төхөөрөмжийн бодлогоор дэмжихгүй байгаа.
Баруунд яадаг вэ гэхээр жилийн 5-7 хувийн л хүүтэй зээл өгдөг. Тэгээд манайх шиг 70 гаруй хувь нь биш тодорхой цөөхөн тооны нэгж л зээлээс хамааралтай байдаг. Бодлогоор бизнесийг нь хамгаалж өгсөн байдаг. Ийм үед инфляцийг 4-5 хувьд барих гэж оролддог нь эрүүл зүйл.
- Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?
- Бид гарцыг хайхгүйгээр хоосон шүүмжилдэг хүмүүс биш. Олон удаа Засгийн газар, НХХЯ-нд санал тавьж байсан. Амьжиргааны өртөгтэй уялдуулж хүмүүсийн цалин хөлсөн дээр нэмэгдэл өгдөг хууль эрх зүйн орчныг бий болгох нь нэгдүгээрт хийх ажил. Энэ гарцыг хэлж бид байнга санал тавьдаг. Гэтэл Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бизнес эрхлэгч нар дураараа үнээ нэмэх л юм бол тэд хөдөлмөрчин хүмүүсийн цалин дээр ядаж нэмсэн үнийн дүнгийнхээ 75 хувь орчим хэмжээнд нэмэгдэл өгөх үүргийг хүлээж байх ёстой. Амьжиргааны өртгийг индексжүүлж хүмүүсийн цалин хөлсөн дээр нэмэгдэл өгөх, энэ бол цалин нэмж байгаа явдал биш, цалингийн бодит худалдан авах чадварыг хамгаалж байгаа явдал. Өнөөдөр талх 40 төгрөгөөр нэмэгдэхэд хүмүүсийн цалин хөлс ядаж 20-30 төгрөгөөр нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлье гэж байгаа. Олон улсын түвшинд амьжиргааны өртөгтэй уялдуулж цалин хөлсийг нэмэгдүүлэх хууль хүртэл байдаг. Үүнийг хийе гэж Засгийн газарт байнга хэлж байгаа. Хэрэгжүүлэхийг шахах нь ҮЭ-ийн гол нэг дэхь асуудал.
Хоёрдугаарт, шудрага бусаар, хуйвалдаж ард түмнийг шулж байгаа асуудлыг зогсоох ёстой. Тухайлбал, статистикийн тоогоор хэлэхэд л, гурилын үйлдвэр 30-34 хувийн ашигтай ажиллаж байна. Тэгэхэд ашигт үйлийн коэффициент 7-8 хувь байхад энэ үйлдвэрт ч ашигтай, олон хүмүүсийг ажилтай болгоно, тэр бизнесмэн аз жаргалтай байна. Тэгэхээр өндөр ашгийн эрсэг шудрага бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хууль эрх зүйн очрныг бүрдүүлмээр байна. Энэ хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байна. УИХ-ын 76 гишүүний ихэнхи нь олигархи, монополиуд сууж байгаа тохиолдолд чононд хонь хадгалуулж байгаатай адил, тэднээс шудрага бус өрсөлдөөнөөр баяждаг хүмүүс УИХ-д нэгдээд сууж байхад үүний эсрэг хууль гаргана гэдэг логикгүй зүйл юм даа. Эндээс сонгуулийн үеэр ард түмэн маань үзэл бодлоо дахин бүү худалдаасай. Сонгочихоод, дөрвөн жил араас нь хараачихаад сонгууль өгөх хоёр цагийн дотор үүнийг мартаж сонгууль өгдөг сэтгэлгээгээ өөрчилмөөр байна.
Гуравдугаарт, талх, цахилгаан дулааны үнэ, нийтийн тээврийн үнэ өслөө гэхэд олон улсын түвшинд ҮЭ-ийн ажил биш байдаг юм байна. Энэ бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэдэг байгууллагын ажил. Энэ байгууллага амь орж ажлаа хийгээсэй,
Дөрөвдүгээрт, төрийн дэмжлэгтэйгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хямд зардаг, ашгийн бус сүлжээ дэлгүүрийг МҮЭХ санаачилж ажиллуулахыг хүсч байгаа. Гэвч хараахан хүрч ажиллаж чадахгүй байна. Үүнийг хийнэ. Бөөний бараа бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүр гэдэг төслийг Засгийн газар хэрэгжүүлсэн боловч хэдхэн олигархууд идэж уугаад дуусгасан. Энэ төсөл хөтөлбөр унасан. Үүнийг МҮЭХ-ны хатуу хяналтан доор дахин эхлүүлж хийх ёстой. Сингапурт “Шудрага үнэ” гэдэг дэлгүүрийн сүлжээ байдаг. Энд ажилгүй юм уу, тэтгэвэрт гарсан хөгшчүүдэд ажлын байр бий болгож ажиллуулдаг. Тэнд сахар, будаа, гурилыг ашиггүйгээр, татварыг нь хүртэл төрөөс зохицуулж өгч зардаг. Гэх мэт олон аргачлал байгаа. Энэ бүхнийг монголын улс төрчид мэдэхгүй биш мэдэж байгаа. Гэсэн хэдий ч өөрсдийн улс төрийн бүлэглэлээ санхүүжүүлэх монополийг нь хадгалж хийхийг хүсэхгүй байна.
- Иргэн бүрт эх орны хишиг өгч байгааг та хэрхэн үздэг вэ?
- Энэ бол олон улсын хэллэгээрээ энх тайвныг худалдан авч байна гэсэн үг. Энэ бол ард түмнийхээ амьдралыг сайхан боломжийг алдаж өөрсдөө тэрбумтан болтол идэж уучихаад санаа зовсондоо уурссан ард түмэн рүү угаадас цацаж тайвшруулж байна аа л гэсэн үг. Энэ бол ард иргэдийн ажилчин ангийг хөдөлмөр хийхгүй бай, чамд мөнгө өгнө гэж хүмүүсийн ажиллах дархлааг устгаж байгаа арга хэмжээ. Нийт монголчуудад цувуулан өгч байгаа мөнгө 200 тэрбум төгрөг болж байгаа. Ийм хэмжээний урьдчилгаа мөнгөөр зэс, гангийн үйлдвэр барих боломжтой. 7-10 мянган тогтмол ажлын байр бий болох магадлалтай. Өөрсдөө идэж ууж хагартлаа баяжсан учраас ард түмнийг тайвшруулах увиагүй зүйл хийж байгаа хэрэг.
Би энэ мөнгөний эсрэг биш. Гэхдээ энэ мөнгөөр илүү боломжтой зүйл хийх боломжийг алдаж байгаад харамсаж байна. Гэхдээ би 70 мянга, 10 мянган төгрөгийг иргэдэд өгч байгаад дуртай байна. Яагаад гэвэл үүнийг луйварчид идэж байснаас ард түмэнд өгсөн нь дээр.
- ҮЭ хөдөлмөрийн улсын байцаагчтай болсон. Тэд хэр ажиллаж байгаа бол?
- Тийм ээ. Хөдөлмөрийн улсын байцаагчийн эрхийг 47 хүнд шинээр олгосон. 5-6 сард боловсролын салбарт хөдөлмөрийн улсын үзлэгийг хийлээ. МҮЭХ-нд хөдөлмөрчид, гишүүдийг хамгаалахад эрх зүйн талаасаа эрх хэмжээ, бяр чадал дутна гэсэн ойлголт байхгүй, МҮЭХ-ны гишүүн байгууллагууд өөрсдийнхөө улсын байцаагчаар хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиодолд акт, торгууль тавих хэмжээнд эрх зүйтэй боллоо.
- Барилгын талбай дээр ажиллаж байгаад амь нас нь эрсэдсэн, үүнийг үйлдвэрлэлийн ослоор бүртгээгүй тохиолдол гарсан байна. Энэ болгонд ҮЭ-ийн улсын байцаагч нар хүрч чадахгүй байна аа даа?
- МҮЭХ улсын байцаагчийн эрхийг салбар болон аймгийн хэмжээнд авсан үндсэн шалтгаан бол үйлдвэрлэлийн осол /ҮО/, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд гарч байгаа зөрчлүүдэд МҮЭХ–ны гишүүн байгууллага, салбарын холбоод өмнө нь ҮЭ-ийн ажилтны хувьд хяналт тавьж, шаарддаг байсан бол одоо хөдөлмөрийн улсын байцаагчийн хувьд төрийн хяналтыг хөдөлмөрийн харилцаанд хяналт үүргээ биелүүлэх ёстой болж байна.
Өөрөөр хэлбэл аль нэг салбар, аймагт ҮО гарч хүн гэмтэж,амь эрсдэж хууль тогтоомж зөрчигдөж байвал түүнд хүрч хяналь шалгатаа тавьж ажиллах бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл ҮЭ-ийн сонгуультны хувьд биш хөдөлмөрийн байцаагчийн хувьд хариуцлага хүлээж ажиллах учиртай.
- ҮЭ –д гишүүнчлэлгүй болохоор байцаагч нар хүрч ажиллахгүй байх тал бий юу?
- Улсын байцаагчийн эрхийг МҮЭХ-ны идэвхтэн сонгуультан аваагүй байхад манай ҮЭ-ийн хорооны гишүүн биш хүн дээр юм уу, ҮЭ-ийн хороо байхгүй газар очиж шалгалт хийх эрх зүйн орчин байхгүй, ҮЭ хороо байсан ч биднийг дуудахгүй л бол тийшээ орох эрх зүй тэр бүр бүрддэггүй байсан. Тэгвэл өнөөдөр ҮЭ-ийн гишүүн биш ч гэсэн, албан бус эдийн засагт ажиллаж байгаа хөдөлмөрчин жирийн ажилчин хүн тухайн салбар юм уу, аймгийн холбоонд хандаж хөдөлмөрийн эрх зүйн ийм зөрчил гараад байна гэсэн тохиодолд МҮЭХ-ны улсын байцаагч ҮЭ-ийн гишүүн биш, ҮЭ-ийн хороо байхгүй байсан ч ямар ч компани руу орох эрхтэй. Энэ бол улсын байцаагчийн давуу байдал. Иймд бид үзлэг шалгалтыг тогтмолжуулж ҮЭ-ийн улсын байцаагчийнхаа мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Хөдөлмөрчин хүний эрх ашгийг бодитой хамгаалах түүхэн боломж бидэнд дахин нээгдсэн.
- МҮЭХ цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- Засгийн газраас 2015 он гэхэд нийгмийн даатгалын санд хуваарийн дагуу 2.0 триллон төгрөгийг төлөх ёстой. 2008-2010 онд өгөх 200 гаруй тэрбум төгрөгийг ард түмэнд өгүүлэх ажлыг хийнэ. Дансанд нь байршуулна гэсэн үг. Ингэсэн тохиодолд дунджаар 20 жил ажилласан багшийн дансанд 25.0 сая төгрөг байрших ёстой. Энэ мөнгийг төрийн санд биш, арилжааны банкинд байршуулна. Эсвэл Засгийн газрын бонд худалдаж авах ёстой. Энэ бол мөнгө гуйж байгаа хэрэг биш авах ёстой мөнгө. 2.0 триллон төгрөгийг монголын улс төрчид үрчихсэн, би идчихсэн гэж хэлээгүй, үчрихсэн гэж хэлж байна. Засгийн газрын бондын хүү 10 хувь байдаг. Нэг ажилчны дансанд 25.0 сая төгрөг байгаад түүгээр бонд худалдаж авлаа гэхэд жилд 2.5 сая төгрөгийн хүү авах ёстой. Энэ бол улс төрчдийн сонгуулийн хугацаанд өгнө гэж амлаад байгаа 1.5 сая төгрөгийг биш насан туршдаа жил бүр үүнээс их мөнгийг олох боломжтойг харуулж байна.
Хоёрдугаарт, 30 хувийн цалин хөлсөө баталгаажуулж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэнэ. Арилжааны банкны хүүг буулгах, зээлийн жилийн хүүг 10 хувь болгохын төлөө тэмцэх ажлыг эхлүүлнэ. Тооцоо судалгааг эрдэмтэдтэй хийж байна.
Гуравдугаарт, амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулж цалин дээр нэмэгдэл өгөх ёстой хууль тогтоомжийн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
Дөрөвдүгээрт, тарифын зөвлөмжийг гаргана.
Тавдугаарт, Оюу толгой дээр 2600 хятад ажилчдыг ажиллуулах шийдвэрийг Монголын Засгийн газар гаргасан. Тэдэнд наад зах нь 800-1000 ам.долларын цалин өгч, 5-6 жил ажиллуулна. Энэ нь 2600 монгол ажилчныг гэр бүлтэй нь сайхан амьдруулах боломжийг хааж байна. Үүний эсрэг Үндсэн хуулийн цэцэд долоодугаар сарын 8-нд хандсан байгаа. Энэ шийдвэрийг цуцлуулахын төлөө тэмцлээ 9 сард эхлүүлнэ. Мэдээж гадныхан монгол ажилчид архи уудаг, дорой гэдэг улигт үгээ хэлнэ. Тэгвэл Оюутолгой төсөл бол Монголын ажилчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн төлөө хөрөнгө оруулалт хийнэ гэсэн гэрээний заалтаа зөрчиж байгаа гэдгийг давхар хэлмээр байна.
Зургаадугаарт, Таван толгойн уул уурай дээр ашиг, орлогыг нэмэгдүүлэх. Монголын ард түмэнд ашигтай байх гэрээний заалтыг МҮЭХ-ноос оруулна. Үүнд олон улсын Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос дэмжлэг авна. Шинжээчдийг бид урьсан байгаа. 10 дугаар сард ирнэ. Засгийн газар Тавантолгойн уул уурхайн асуудалд хөдөлмөрчид, ажилчдын эрх ашгийг тусгаагүй гэдэг үүднээс долоодугаар сарын 9-нд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн. Энэ байдлаараа байгаад байвал есдүгээр сарын дундуур ажил хаялт хийх эрх үүснэ гэсэн үг.
Долоодугаарт, төсвийн хяналтыг сайжруулах хүрээнд МҮЭХ төсөв зохиохдоо жил бүр УИХ гишүүд тэрбум төгрөг авдагаа зогсоох, өнгөрсөн оны тэрбум төгрөгийн хуваарилалт зарцуулалтад хяналт тавина.
Эцэст нь судалгааны шатанд яваа ажил бол Монголын эдийн засаг лангууны эдийн засаг болсон байна, улс төрд, мэдээлэлд арай ойрхон байсан дарга нар, хуудуутай хувьчлалаар хожсон хэсэг хүмүүс өнөөдөр Монголын ард түмнийг лангууны түрээсээр мөлжиж байна. 1000 нэрийн бараанаас эхлээд бүх захууд. Монголын эдийн засаг лангуунаас хараат байна. Тэгэхээр лангууны түрээсийг монополь байдлаас нь халж түрээсийг төлж чадах хэмжээнд нь барих тэмцлийг хийнэ. Лангууны түрээс багасвал тэр лангуун дээр зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ.
No comments:
Post a Comment